Байгал нуураа, байгал дэлхийгээ хайрлах уриалгад нэгдсэн анхны төрийн тэргүүн боллов
2010.07.19

Байгал нуураа, байгал дэлхийгээ хайрлах уриалгад нэгдсэн анхны төрийн тэргүүн боллов

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байгал нуурт судалгаа хийж байгаа усан доогуур шумбагч “Мир-1” “Мир-2” төхөөрөмжүүдтэй танилцах үеэрээ, усны гүнд шумбасан нь манай судалгааны ажлын түүхэнд онцгой чухал үйл явдал боллоbaigal_nuurо” хэмээн оросын ус судлаачдын хэлснийг тус улсын хэвлэлүүд иш татан бичжээ.


Энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, усан доогуур шумбагч “Мир” төхөөрөмжийн санаачлагч, зохион бүтээгч, ОХУ-ын баатар А.Сагалевич, “Метрополь” группийн захирал, нэрт бизнесмен М.Слипенчук нарын хамтаар усан доогуур 437 метрийн гүнд шумбасан юм. Ингэснээрээ Буриад Улсын Засгийн газар болон, Байгал нуурыг хамгаалах төслийнхний гаргасан уриалгад нэгдсэн анхны Төрийн тэргүүн боллоо.
Мөн, Бүгд найрамдах Буриад улсын дорно сибирийн эрдэмтэд болон Монголын эрдэмтэн Т.Ган-Эрдэнэ нар "Мир-2" аппаратаар нуурын гүнд шумбасан юм.

2008 оноос Байгал нуурыг судлах “ Миры на Байкале” нэртэй шинжилгээний шинэ төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд, уг төслийг оросын “Метрополь” групп санхүүжүүлж байна. “Байгал нуурын геологийн түүх, ургамал, амьтан, усан доорх галт уул, тэдгээрийн бүтэц зэргийг судлах нь энэ төслийн үндсэн зорилго” хэмээн М.Слипенчук ярилаа.

“Мир” бол усан доогуур 6 мянган метр хүртэл шумбаж чаддаг, усны гүнд судалгаа хийх зориулалттай, гүний янз бүрийн түвшинд усны болон чулуу, ургамлын дээж авдаг төхөөрөмж юм. Дэлхий дээр дөрөвхөн байдаг уг төхөөрөмжийн 2-ыг нь ОХУ-д Байгал нуур дээр ашиглаж байна. “Өнөөдрийг хүртэл энэ төхөөрөмжийг найдвартай эсэхэд эргэлзсэн нэг ч зүйл тохиолдож байгаагүй. Дэлхий дээр ийм гүнд шумбадаг өөр төхөөрөмж байхгүй” хэмээн ОХУ-ын баатар А.Сагалевич тайлбарлав.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нуурын гүнд шумбасны дараа орос, монголын сэтгүүлчдийн асуултанд хариулж, өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр, “Би хэдийгээр сансарт нисч үзээгүй ч гэсэн сансарт ниссэн хүнд эх дэлхийнхээ сайхныг хараад ийм сэтгэгдэл төрдөг болов уу гэж бодогдлоо. Усны гүнд үзэсгэлэнтэй сайхан, сэтгэл хөдөлмөөр байдаг юм байна.  Байгал нуурыг сансраас харсан нисэгчид энэ нуур бол дэлхийн нүд юм гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид яг л нүдээ хайрлаж байгаа шигээ Байгал нуураа хайрлах ёстой” гэж ярилаа.

Орос улсын ерөнхий сайд В.Путин өнгөрсөн оны 8-р сарын 1-нд "Мир1" аппаратаар Байгал нуурын гүнд шумбаж байсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.