Б.Бат-Эрдэнэ: Хууль зүйн байнгын хорооны дарга миний хувьд хуулийг буруу тайлбарлаагүй
Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэхгүй байгаа тухай Танай албан бичигтэй танилцаад дараахь тайлбарыг дахин хүргүүлж байна.
Таны 2010 оны МН/12 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хороо 2010 оны долдугаар сарын 07-ны өдөр хэлэлцэж эхэлсэн бөгөөд 09, 14-ний өдрүүдэд үргэлжлүүлэн хэлэлцээд гаргасан шийдвэрийнхээ талаар мөн сарын 14-ний өдөр Байнгын хорооны албан бичгээр Танд хүргүүлсэн билээ.
Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын ерөнхий прокурорын танилцуулгыг сонсож, хэлэлцэж байгаа асуудлын талаар Байнгын хорооны гишүүдийг дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгох, асуудлыг улстөржүүлэлгүйгээр нухацтай хэлэлцэн шийдвэр гаргах үүднээс Таны танилцуулгын дараа Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг тус тусад нь байлцуулж мэдээлэл авсан.
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын Их Хуралд ирүүлсэн Таны саналтай холбогдуулж ирүүлсэн материал, Байнгын хорооны хуралдаанд мэдээлж байсан эрх бүхий албан тушаалтнуудын тайлбараас үзэхэд асуудал тодорхойгүй байсны зэрэгцээ хууль хэрэглэсэн болон хуулийн хэрэгжилтийн талаар зарим эрх бүхий байгууллагын дүгнэлтийг сонсохгүйгээр Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтнуудын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх нь Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг сулруулах сөрөг талтайг Байнгын хорооны гишүүд үзсэн юм.
Авлигын эсрэг хуулийн 22.5-д “Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно” гэж заасан байдгийг ч Улсын Их Хурлын гишүүд анхааруулж байсныг дурьдах нь зүйтэй.
Авлигын эсрэг хуулийн 26.2-т “Авлигатай тэмцэх газар Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана” гэж заасны дагуу хуралдааны явцад Байнгын хорооны нэр бүхий гишүүдээс Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг Авлигатай тэмцэх газар хэрхэн биелүүлж байгаад уг Дэд хорооноос шалгаж, санал, дүгнэлт гаргасны дараа Байнгын хороо асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно.
Хууль хяналтын байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах зорилгоор Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны хуулийн хэрэгжилтийг шалгах явцтай зэрэгцэн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, харин Авлигатай тэмцэх газрын удирдлага уг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж, энэ тухайга Танд болон холбогдох албан тушаалтанд албан бичгээр мэдэгдсэн.
Улсын Их Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэдгийг Та сайн мэдэх учиртай. Таны албан бичигт дурьдсанчлан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга миний хувьд хуулийг буруу тайлбарлаж, Байнгын хорооноос шийдвэр гаргуулахгүй, саад учруулж, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулсан зүйл байхгүй гэдгийг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн дурьдсан байна.
О.Батзаяа