АСЕАН-ы бүсийн чуулгын сайд нарын уулзалтад оролцохоор мордлоо
2010.07.21

АСЕАН-ы бүсийн чуулгын сайд нарын уулзалтад оролцохоор мордлоо

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар маргааш эхлэх БНСВУ-ын Ханой хотноо болох АСЕАН-ы Бүсийн чуулга /АРФ/-ын Сайд нарын 1zandanshatar_said7 дугаар уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо. Уулзалтад АРФ-ын оролцогч 27 орон, тухайлбал АСЕАН-ы гишүүн 10 улс (Бруней, Вьетнам, Индонез, Лаос, Камбож, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин), АСЕАН-ы яриа хэлцээний 10 түнш (Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон болон Европын Холбоо) болон  Бангладеш, БНАСАУ, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Тимор Лесте, Шри Ланка-ын Гадаад хэргийн сайд нар, мөн АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох юм.

АРФ-ын үйл явц 1994 онд эхэлсэн бөгөөд өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутагт улс төр, аюулгүй байдлын асуудлаар олон талт яриа хэлцээ явуулж буй цорын ганц бүтэц юм. Монгол Улс 1998 онд АРФ-д нэгдсэн нь Ази, Номхон далайн олон талт үйл явц, интеграцчилалд нэгдэх бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэг чухал алхам болсон. Мөн бүс нутгийн аюулгүй байдлын орчныг мэдрэх, улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилтуудыг урагшлуулахад АРФ-ын яриа хэлцээ ач холбогдолтой гэж үздэг.

АРФ-ын Сайд нарын 17 дугаар уулзалтаар сайд нар бүс нутаг, олон улсын өнөөгийн байдал, өнгөрсөн хурлаас хойш АРФ-ын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын дүнг хэлэлцэхийн хамт ирэх жилийн ажлын төлөвлөгөөг батална. Түүнчлэн  энэ удаа сайд нар 2020 он хүртэлх АРФ-ын хөгжлийн төлөвийг тодорхойлсон   “АРФ-ын хөгжлийн чиг” (ARF Vision Statement) мэдэгдлийг  ажил хэрэг болгох Ханойн Үйл ажиллагааны төлөвлөгөө, Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны асуудлаарх АРФ-ын ажлын төлөвлөгөө мөн АРФ-ын жил тутмын “Аюулгүй байдлын төлөв” эмхэтгэлийн агуулга, жишиг бүтцийг тохирно.

Монгол Улсын төлөөлөгчид АРФ-ын Сайд нарын 17 дугаар уулзалтад оролцохдоо бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын зарим асуудал, тухайлбал Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, АРФ-ын үйл явцын цаашдын чиглэл, Сайд нарын уулзалтаас гаргах мэдэгдэл, бусад баримт бичгийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ. Мөн Япон, Европын холбоо, БНСВУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа болон сонирхсон бусад асуудлаар санал солилцоно хэмээн Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.