Н.Алтанхуяг: Тэр өдөр дэлхийн чихнээ АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС гэдгээ тунхагласан БАЯРЫН ӨДӨР байсан юм
2010.07.22

Н.Алтанхуяг: Тэр өдөр дэлхийн чихнээ АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС гэдгээ тунхагласан БАЯРЫН ӨДӨР байсан юм

Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойн ёслолын арга хэмжээнд АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн хэлэх үг

altanhuyag_01

Өнөөдөр Монгол улсад Олон нам оролцсон анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж байсан түүхэн тэмдэглэлт өдөр. Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1990 онд Монгол оронд нэлэнхүйдээ шинэчлэлийн салхи салхилж, улс төрийн тэмцэл ид өрнөж, монголчууд урьд хожид байгаагүй шинэ уур амьсгалаар амьсгалсан өдрүүд үргэлжилж байлаа. Монголын ард иргэд анх удаа нам төрийнхөө үйл ажиллагааг эсэргүүцэж, “Улс төрийн товчоо огцор” хэмээн зоригтойгоор шаардаж, эрх эрх чөлөөнийхөө төлөө Монголчууд дуу нэгдэн тэмцэж Улмаар улс төрийн шинэ нам хөдөлгөөнүүдийг олноор байгуулж байлаа.  Энэ салхийг хагалж 1990 оны 2-р сарын 17-д Монголын Ардчилсан нам байгуулагдсан нь шинэ үеийн ардчиллын төлөөх намуудын анхдагч болж байсан юм. Ингээд 1990 оны 5-р сарын 20-25 өдрүүдэд улс төрийн намууд Улсын дээд шүүхэд анх удаа бүртгүүлжээ.

 

Улс төрийн тэмцэл ид өргөж байсан тухайн цаг үед олон түүхэн шийдвэрүүд ар араасаа цувран гарч байлаа. Тэр дунд Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж, хүмүүнлэг иргэний нийгэм рүү зорисон, ардчиллын баталгаа, амин сүнс болсон олон нам оролцсон чөлөөт ардчилсан сонгуулийг явуулах шийдвэр гарчээ.

 

1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монголчууд түүхэндээ анх удаа ардчилсан сонгуулийг явуулсан нь дэлхийн чихнээ АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС гэдгээ тунхагласан БАЯРЫН ӨДӨР байсан юм. Энэ өдөр бол монголчууд дэлхий дахинд өрнөсөн их өөрчлөлтийн үзэл санааг түүчээлэн авч, эх орноо ардчилсан замаар хөгжүүлэх, Ардчиллаа тунхаглан зарласан өдөр байлаа. Ийнхүү жирийн ард иргэд төр барилцах үйл хэрэгт жинхэнэ утгаараа оролцож, төр анх удаа ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдөж эрх мэдлээ хэрэгжүүлсэн юм. Ийнхүү 20 жилийн өмнө ардчиллын хамгийн гол суурь тулгуур болсон БҮХ НИЙТИЙН СОНГУУЛЬ жинхэнэ утгаараа хэрэгжиж, Монголчууд анх удаа чөлөөт ардчилсан сонгуулийг явуулсан нь хэзээ ч мартагдахгүй түүхэн үйл явдал болсон юм.

 

Тухайн цаг үед нийгмийн шинэчлэлийг дэмжиж, хэний ч дарамт шахалт үгүйгээр, шинэ нийгмийн төлөө шинэ сонгуульд итгэл дүүрэн оролцож, ардчилсан Монгол Улсыг байгуулах түүхэн сонголт хийсэн НИЙТ АРД ТҮМЭНДЭЭ ЭНЭХҮҮ БАЯРЫН ӨДРИЙН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

 

Хатуу нийгмийн захиргаадалт доор хэн нэр дэвшиж, хэнийг сонгохоо заалгаж, нэр дэвшсэн нэг л хүнийг сонгодог байсан хэлбэрийн төдий сонгуулийг халж, анх удаа олон намын тогтолцоот сонгуулийг явуулж, ямар нэг ялгавар, дарамт шахалтгүйгээр тэгш эрхтэйгээр сонгуульд оролцож, эл өдөр Монгол орон даяараа шинэ эрч хүч, шинэ уур амьсгалаар амьсгалж байлаа. Тус сонгуульд МАХН, МоАН, МVДН, МСДН, МНН, МЧХН гэсэн улс төрийн намууд өрсөлдөж, Ардын Их Хурлын 430 тойрогт 2413 хvн нэр дэвшиж байсан баримт түүхийн хуудаснаа нэгэнт үлджээ. Тэр үеийн анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ нь анх­­ны байн­­гын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлыг 53 гишүүнтэйгээр байгуулж байсан билээ.

 

Тэр үеийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурал нь Монгол улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилан нийгэм байгуулах, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, ард иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсан, тэгш эрх, шударга ёс, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болсон МОНГОЛ УЛСЫН АНХНЫ АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ баталсан нь бас нэгэн чухал үйл явдал байлаа. Ардчилсан сонгуулиас өмнө мөрдөгдөж байсан социалист чиг хандлагатай ангич, намч үзэл суртал бүхий үндсэн хуулийг халж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн анхны ардчилсан үндсэн хуулийг баталсан явдал бол дэлхийн чихнээ Ардчилсан Монгол Улс гэдгээ дахин тамгалсан түүхэн үйл хэрэг байсан юм.

 

Ийнхүү анхны ардчилсан үндсэн хуулиа баталж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд туулж ирсэн ардчилсан нийгмийн түүхэн замналыг эхлүүлэх хүндтэй хувь заяа тохиож, хариуцлагатай үүргийг хүлээсэн, тухайн үед цаг нарыг умартан, өдөр шөнөгүй ажиллаж, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэж баталсан АИХ, УБХ-ын ЭРХЭМ ГИШҮҮДДЭЭ ЭНЭ ДАШРАМД ГҮН ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

 

Ардчилсан хувьсгал, олон намын сонгууль, шинэ Үндсэн хууль, парламентийн зарчим дээр суурилсан төрийн байгууллагын тогтолцооны онцлог юунд оршиж байсан бэ.

  1. Азийн ихэнх хөгжсөн орнууд, тухайлбал Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Хятад, Тайван зэрэг улсууд улс төрийн хатуу бодлогоор эдийн засгийн огцом өсөлтийг хангаж ирсэн бол Бид бүс нутагтаа анх удаа улс төрийн ардчиллыг, эдийн засгийн бодлогын ардчилалтай хослон нэгэн зэрэг явуулж ирсэнд 1990 оны Ардчилсан хувьсгалын ач холбогдол, онцлог оршдог бөгөөд Монголчуудын маань Ардчиллын сурах бичигт оруулсан гол хуудас, хувь нэмэр гэж үнэлж болох юм.
  2. Монголчуудын маань хувь заяаг шийдэх чухал шийдвэрүүд Москва, Бээжинд биш Улаанбаатарт гардаг болж Улаанбаатарт гарахдаа хэн нэгэн эрх мэдэл бүхий хувь хүний амнаас биш нийт ард түмнээсээ мандатаа авсан төлөөлөгчид тал бүрээс нь хэлэлцэн шийдвэрлэж гаргадаг болсон нь өдгөө Монгол Улсын маань туурга тусгаар байх нэгэн том баталгаа болон хувирчээ. Бид хамгийн хэцүү замыг нь сонгон авсан ч ардчиллын үнэт зүйлд хамгийн ойр замыг нь сонгосондоо огтхон ч эргэлздэггүй ээ.
  3. Бид Ардчилсан хувьсгалаа буун дуу гаргалгүй, хүний амь хохироолгүй хийж чадсан шигээ засгийн эрх мэдлийг улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд ардчилсан сонгуулийн үр дүнгээр шилжүүлж өгч сурсан нь нэгэнтээ бидний ардчилсан тогтолцооны хэв маяг болон аль хэдийн тогтжээ. Цаг хугацаа урагшлахын хэрээр бид сонгодог олонхи, цөөнх байхыг, сонголтгүй болж хамтрахыг, мөн сонголтоо хийж хамтран ажиллахын аль алинаас суралцсаар байна.

 

1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Монгол улсын сонгуулийн тогтолцоо цаг үеийн онцлог, улс төрийн амьдралын өвөрмөц байдлыг тусган даруй 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш бид Ерөнхийлөгчийн дөрөв, УИХ-ын тав, мөн тооны орон нутгийн хурлын сонгуулийн ард гарчээ.

 

Анх пропорциональ системээр УБХ-ыг сонгож байсан бол түүнээс хойш том тойр­гоор, нэг мандаттай, олон мандаттай томсгосон гэх мэт мажоритар системээр сонгуулиа зохион байгуулж ирлээ. Тухайн цаг үед олон нам оролцсон сонгууль явуулна гэдэг цоо шинэ, эргэлзэж гайхмаар үйл хэрэг байсан бол 20 жилийн дараахь энэ цаг үед харин ганц нам сонгуульд оролцоно гэвэл айж эргэлзмээр явдал болтлоо ардчилсан сонгууль хэвшжээ. Бид ардчиллын ийм л үнэ цэнэтэй зүйлийг бүтээсэн ард түмэн гэж энэ индэр дээрээс ам бардам хэлэх эрхтэй.

 

Гэвч улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд мөнхийн өрсөлдөгч байдлаар хандаж ирсэнээр бид үүнээс ч илүү ихийг хийж бүтээх олон зүйлийг алдсан гэдгийг энд хэлмээр байна. Харин 2008 оны сонгуулийн дараа хамтарсан засгийн газрыг байгуулснаар улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө хамтарч болдог, хамтдаа асуудлыг шийдвэрлэж боломжтой, тийм чадвартайг харуулсан юм. Тухайлбал хэд хэдэн парламент, засгийн газрыг дамжин шийдвэрлэж чадахгүй байсан Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн ордоо эргэлтэд оруулах боломжтой болсон юм. Хэдий улс төрийн намуудын үзэл баримтал, хэлбэр, явах арга зам өөр өөр байх ч эцсийн үр дүндээ улс эх орон ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлийн үзүүлт нийлж байх учиртай. Эвийн хүчээр бид хамтдаа илүү ихийг бүтээж чадах болно. Бидний бий болгосон энэ ардчиллын 20 жилийн түүхэн ололт амжилтыг улам бэхжүүлэн улам боловсронгуй болгож явах нь зөвхөн монголёчууд бидний гарт байгаа.

 

Монголчуудын маань эрт дээрээс уламжилж ирсэн түүх, заншилд тулгуурлан Ардчилсан хувьсгалын Монголчуудад маань олгосон үр дүнг Ардчиллын 10 цагаан буян гэж нэрлээд холбоо үгсээр илэрхийлье гэвэл доорхи дүр зураг гарах болов уу.

 

Ардчиллын 10 цагаан буян:

Гаднаа тоолох малтай

Гартаа барих утастай

Гараашдаа тавих машинтай

Га-гаар хэмжигдэх газартай

Гэртээ асаах гэрэлтэй

Гэр бүлээрээ хувьцаатай

Гуундаа тахих бурхантай

Гаальд шалгуулах гадаад паспорттай

Гараад золгох цагаан сартай

Гавъяаг нь дуурсах Чингис хаантай

 

Нөхөд өө,

Ардчилсан нийгмийн тулгуур хүчин, ардчиллын бодит баталгаа болсон ардчилсан чөлөөт сонгуульд ард иргэд бүхэн тэгш эрхтэйгээр оролцож эхэлснээс хойш 20 жил болжээ. Төр барих, төрийн үйл хэрэгт оролцох эрх сонгуулиар дамжин хэрэгжиж байдаг бөгөөд ард түмний гарт төр засгийн бүхий л эрх мэдэл оршиж байдаг энэ үнэтэй зарчмыг бид чандлан сахих ёстой. Тиймээс сонгуулийн ардчилал, сонгуулийн соёл, улс төрийн ухамсрыг төлөвшүүлж, уужуу ухаан, холч хараа, онч сонголтоор төрөө байгуулж, хөгжил дэвшил өөд тэмүүлсэн, чинээлэг иргэнтэй улс орныг цогцлоон байгуулахын төлөө 20 жилийн өмнөх шигээ хүн бүхэн ХҮЧ, СЭТГЭЛ НЭГТЭЙ, ХАМТДАА хөгжин дэвшихийг УРИАЛЖ байна.

Та бүхэнд баярлалаа.

 

ТӨР ТҮВШИН ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.