C.Батболд: Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч  улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо.
2010.07.23

C.Батболд: Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо.

Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд “Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойд” зориулсан баярын хурал дээр тавьсан илтгэл

/ Сонгуулийн ардчилалын шинэ соёлд суралцахуй /

Баярын хурлын хүндэт зочид оо,pm_batbold_uul_bathuu

Хатагтай, ноёд оо.

 

Он цаг улирах тусам утга агуулга, учир холбогдол нь улам тодрох улс төрийн амьдралын нэгэн үйл явдлын ойг дурсан санах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүгдийнхээ амрыг эрэн мэндчилье.

Одоогоос хорин жилийн өмнөх энэ өдрүүдэд зуны аагим халуунтай зэрэгцэн улс төрийн халуухан үйл явц өрнөж байжээ. Түүний оргил нь 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бүх нийтийн чөлөөт сонгууль байсан юм. Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд энэ үйл явдлыг эргэн дурсаж, хүндэтгэл ёслолын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь зүй ёсны хэрэг билээ. Учир нь 1989 оны өвлийн жихүүн өдөр аядуу намдуу цуглаанаар эхэлсэн ардчилсан хөдөлгөөн цагаан морин жилийн хаврын саруудад эрч хүчээ авч, өргөн олныг хамарч улмаар тухайн үеийн улс төрийн тогтолцоог өөрчлөх шаргуу шаардлага тэмцлийн үр дүн нь энэхүү олон нам оролцсон анхны чөлөөт сонгууль юм.

20 жилийн өндөрлөгөөс эргэн харахад энэ сонгууль нь манай орны улс төрийн амьдралд гарсан нэн онцгой бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдлын нэгэн болох нь улам тодорч байна. Энэ сонгууль нь улс төрийн олон нам оролцсон анхны сонгууль гэсэн тодотголоороо түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүх бичлэг болсон сонины хуудсыг сөхөн харвал тухайн сонгуульд МАХН, МоАН, МСДН, МҮДН, МНН, МЧХН (Чөлөөт хөдөлмөрийн нам) гэсэн зургаан нам оролцсон байна.

Нэг мандат бүхий 430 тойрогт нам ба нам бусчуудын эвслээс 2413 хүн нэр дэвшин өрсөлдөж байснаараа хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болжээ. Зарим тойрогт 72 нэр дэвшигч өрсөлдсөн нь содон баримт юм. Бас сонгогчдын идэвх оролцоо хамгийн өндөр, хамгийн их өрсөлдөөнтэй байжээ. Анхны санал хураалтаар 402 тойрогт нэр дэвшигчдээс хэн нэг нь олонхийн санал авч сонгогдсон бол, 28 тойрогт дахин санал хураалт явагдаж, эцсийн дүнгээр 429 депутат сонгогдож, 1 тойрогт 2 удаагийн санал хураалтаар хэн ч олонхийн санал авч чадаагүй байна. Анхны энэ сонгуулиар сонгогч нь нэр дэвшигчдээс нэгийг сонгох, намын төлөө санал өгөх гэсэн 2 давхар санал хураалт явагдсан нь бас нэг онцлог билээ.

Сонгуулийн үр дүн нь ч өнөөдөр эргэн дурсахад сонирхолтой юм. Нийт сонгогчдын 60.7 хувь нь МАХН-ын, 24.3 хувь нь МоАН-ын, 5.6 хувь нь МСДН-ын, 5.9 хувь нь Монголын Үндэсний Дэвшил намын, 1.2 хувь нь МНН-ын, 1.3 хувь нь МЧХН-ын төлөө тус тус саналаа өгч байжээ. Нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор бол АИХ-ын 430 суудлын 84.4 хувийг МАХН-аас, 3.8 хувийг МоАН-аас, 0.9 хувийг Монголын Социал-Демократ намаас, 1.4 хувийг МҮДН-аас, 9.5 хувийг нам бусчуудаас нэр дэвшигчид авч байлаа.

Энэхүү чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болох Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг 50 гишүүнтэйгээр байгуулсан байна. Ингэхдээ суудлын хуваарилалтыг сонгуульд намуудын авсан саналтай хувь тэнцүүлэх байдлаар шийдвэрлэжээ. Үр дүнд нь МАХН ба бусад намууд 60:40 гэсэн харьцаагаар Улсын Бага Хурлыг бүрдүүлсэн. Энэ нь сонгуулийн дүнгээр улс төрийн намууд парламентад зохистой байдлаар байрших, сонгогчдын саналыг бодитой тусгасан, зөв тэнцвэр бий болох улс төрийн аятай нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг шийдэл байсан нь өнөөдөр улам тодорч байна.

Анхны ардчилсан сонгуулийн ач холбогдлыг олон талаар тодотгож болно. Үүнд:

Монгол Улс төрийн шинэ тогтолцоонд шилжин, дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг бүхий парламентын засаглалтай орон болох үндэс суурийг тавьсан. Улмаар манай нийгмийн улс төрийн тогтолцоо, төрийн байгууллын бүтцийг үндсээр нь өөрчлөх, олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвших нөхцөлийг бүрдүүлжээ.

Улс төрийн олон нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшүүлэх, нэг тойрогт нэг мандатын төлөө олон нэр дэвшигч өрсөлдөх нөхцлийг бүрдүүлснээрээ иргэдийн сонгох сонгогдох эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй эдлүүлэх болсон. Иргэд ч энэ сонгуулиар үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, сонголт хийх эрх, эрх чөлөөгөө илүү бодитойгоор мэдэрснээр цаашид нийгмийг ардчилах замд том түлхэц үзүүлсэн.

Олон нам бүлгийн төлөөлөлтэй төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага-Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага Хурлыг байгуулснаараа улс төрийн олон ургальч үзлийг парламент дотор өрнүүлэх, улс төрийн зөвшилцлийг хангах нөхцөлийг ч бас бүрдүүлжээ.

Сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал нь засаг захиргааны бүх нэгж, хүн ам, нийгмийн бүх бүлэг давхаргын төлөөллийг өөртөө багтааж, нийт ард олны санал бодлын бодит тусгал, бүрэн төлөөлөл болж байснаараа нийгмийн зөвшилцөл, үндэсний нэгдлийг хангаж чадсан байна. Тийм ч учраас үйл ажиллагаа нь нийгэмд нээлттэй, иргэд сонгогчидтойгоо эргэх холбоо, амьд харилцаатай байж, аливаа асуудлыг нийтийн эрх ашгийн үүднээс, нийгмийн санаа бодлын огтлолцол дээр авч үзэж, голч төвч байдлаар шийдвэр гаргаж байв. Үүний хамгийн тод нотолгоо, чухал ололт нь Монгол Улсын шинэ үндсэн хуулийг боловсруулж хэлэлцсэн явц ба түүнийг эцэслэн баталсан явдал мөн.

Ийнхүү энэ сонгууль нь Монгол Улсад сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар хөгжүүлэх анхны томоохон алхам болж, манай орны улс төрийн сонгуулийн практикт олон зүйл дээр цоо шинэ жишиг тогтоож өгсний зэрэгцээ цаашид сургамж авч залруулууштай зарим зүйлийг тодруулж өгсөнд түүний ач холбогдол оршино.

Эрхэм нөхөд өө,

Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхдээ, түүнийг угтвар нөхцөл, дараагийн үйл явдлаас нь салангид авч үзэх учиргүй. Энэ сонгуульд хүрсэн зам мөр шулуун дардан, амар хялбар байгаагүй. Үүнийг өнөө ба хойч үеийнхэнд үнэн мөнөөр нь бид бас хэлэх учиртай.

Анхны чөлөөт сонгууль ч, ардчиллын өнөөгийн ололт, үнэт зүйлс ч аль нэг улс төрийн хүчин, нийгмийн аль нэг бүлэгт дангаараа харяалагдах өмчлөгдөх учиргүй, Монголын ард түмний хамтын бүтээл, нийт иргэд, улс төрийн бүх хүчний хамтын оролцооны үр дүн, нийтлэг ололт мөн билээ. Харин оролцооны хэлбэр агуулга, хувь хэмжээ  гүйцэтгэсэн үүрэг, үүрсэн ачааны  жин өөр өөр байсан нь ойлгомжтой.

Энд би МАХН-ын даргын хувьд тухайн үйл явдалд МАХН-ын гүйцэтгэсэн үүрэг, оролцооны тухай хэдэн үг хэлэх нь зүйтэй.

Тэр үед улс төрийн үйл явц маш хурдтай, далайцтай тархаж, нөхцөл байдал өдөр хоногоор, бүр цаг минутаар өөрчлөгдөж байсан. Мэдээж аливаа тэмцэл шинэ ба хуучин, эрх баригч ба эсрэг хүчин гэсэн хоёр талын хооронд явагддаг тэр жам ёсны дагуу л үйл явц өрнөсөн байна.

Энд нэг талаас эрх баригч, хуучинсаг хүчин гэгдэх МАХН, нөгөө талаас эрх баригчдыг эсэргүүцэгч шинэ хүчин гэгдэх ардчилсан хөдөлгөөнд багтагч холбоо, эвсэл,  нам, хүчнүүд үйл явдлын хоёр гол оролцогч, тоглогч байлаа.

1990 оны 2 дугаар сарын 18-нд болсон Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлаас МоАН-ыг байгуулсан үеэс үйл явц эрс идэвхжиж, хурцдаж өрнөсөөр ердөө 5 сарын дараа дээрх сонгуулийг хийсэн юм. Энэ хугацаанд МоАХ-г гол цөмөө болгосон ардчилсан хүчний эвслийнхэн мэдэгдэл, сонордуулга хийх, шүүмжлэл, эсэргүүцэл өрнүүлэх, ил захидал, шаардлага хүргүүлэх, өргөх бичиг өргөх, тулган шаардлага тавих, жагсаал цуглаан, бүслэлт, суулт, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн энгийнээс хамгийн хурц хэлбэрүүдийг сонгон шаргуу тэмцэл өрнүүлж байжээ.

Нөгөө талд нь эрх баригч хүчин хориглолт, хамгаалалтын байдалд орсон боловч бүхэлдээ аядуу намдуу, ухаалаг хүлээцтэй хандаж, удирдлагын зүгээс “хэрхэвч хүч хэрэглэж болохгүй” гэсэн зарчмыг баримталж,  асуудлыг шийдэх гарцуудыг хайж, үйл явдлыг зөв чигт залж чиглүүлж байлаа. Ингэхдээ ардчилсан хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух, хамтарсан тунхаглал гаргах, буулт хийх, зөвшилцөлд хүрэх зэрэг “зөөлөн” аргаар хурцадмал байдлыг намжааж байсан нь ази дахь ардчиллын үлгэр жишээ буюу “аядуу ардчиллын загвар”-ыг бүтээхэд оруулсан хувь нэмэр гарцаагүй мөн.

Дээрх 5 сарын хугацаанд МАХН өөрийн дотоодод болон улс төрийн хүрээнд зоримог өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, бүгд хурлаа хуралдуулж, улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, намын онц их хурлыг хуралдуулах, “МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн үндсэн хуулийн онцгой эрх бүхий заалтаас татгалзах шийдвэр гаргаснаараа МАХН хариуцлагатай хүчин гэдгээ харуулсан гэж түүхчид дүгнэсэн байдаг.

Намын онц их хурлаараа хөтөлбөр, дүрмээ шинэчлэн, удирдлагын сэлгээ хийж, нийгэмд улс төр, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт хийхийн төлөө шийдвэр гаргасан. Улмаар МАХН-ын гишүүдийн 100 хувийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганыг зарлан хуралдуулж, Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг хэлэлцэж баталсан юм. Хожим шилжилтийн үеийн “Бага Үндсэн хууль” гэж судлаачдын онцлон тэмдэглэх болсон эл хуулинд нам, төрийн эрх үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, ингэхдээ төрийн байгуулал нь АИХ-аас гадна байнгын ажиллагаатай парламент-УБХ, төрийн тэргүүн-ерөнхийлөгчийн институт, Засгийн газар гэсэн бүтэцтэй байх, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцан хамаарал, зөв тэнцэлтэй, хуваарилалттай байх заалтуудыг оруулж баталсан. Ийнхүү чөлөөт сонгуулийн дараа байгуулагдах төрийн шинэ тогтолцоо, төрийн байгууллын бүтцийг хуульчлан баталгаажуулсан байна.

Улмаар тус чуулганаар Улс төрийн намуудын тухай хуулийг шинээр, Ардын депутатуудын хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.  Ингэснээр олон намын тогтолцооны үндсийг бүрдүүлж, дөнгөж үүсээд байсан балчир шинэ намууд улсын бүртгэл авч, улс төрийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхтэй болж, улмаар ердөө 3 сарын дараа сонгуульд бие даасан субьект болж өрсөлдөх зам мэдлийг засаж, боломж бололцоог олгосон юм.

Хэдийгээр ийнхүү цаг үеийн шаардлага, АХ-ний тулгалт байсан ч олон намын болон чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрдэх, төрийн шинэ байгуулал бий болох улс төр, эрх зүйн угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд МАХН онцгой үүрэг гүйцэтгэснийг энэ өдөр эргэн дурсахгүй байж боломгүй. Түүх түүхээрээ байх ёстой.

Сонгуулийн үр дүнд байгуулагдсан АИХ-ын суудлын 84.4 хувь, УБХ-ын суудлын 60.4 хувийг МАХН авч, төрийн тэргүүн-БНМАУ-ын анхны ерөнхийлөгчөөр тэр үеийн МАХН-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат гуай сонгогдож томилогдсон нь ардчилсан төрийн шинэхэн түүхийн эхэн үеийн содон үйл явдлын нэг болж тэмдэглэгдсэн байдаг.

Ингэлээ гээд МАХН монголын ардчиллын хөдөлгөөнд саад болоогүйгээр барахгүй, ачааны хүндийг мөрлөж, улс төр, нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зүтгүүр хүчин болж ирсэн.

Шинэ үндсэн хуульт байгуулал бүрдэх хүртэлх шилжилтийн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн амаргүй алхмуудыг МАХН, түүний тэргүүлсэн Засгийн газар нуруундаа үүрч гарсан. Олон түмэн энэ бүхнийг үнэлж, ойлгож, удаа дараа итгэл хүлээлгэсээр ирсэн. Ардчиллын 20 жилийн 16 жилд нь засгийн эрхийг дангаар болон хамтран барилцаж байгаа нь үүний тод нотолгоо болно. Итгэл хүлээлгэсээр ирсэн иргэд олондоо МАХН-ын мянга мянган гишүүдийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлж байна.

Мөн манай намыг шинэчлэн өөрчлөгдөхөд түлхэц өгч, шударга шүүмжлэл, шахалт шаардлагаар өдөөж, хурцалж ирсэн ардчилсан хүчнийхэндээ түүхт ойн баяр хүргэж,  талархлаа илэрхийлж байна.

Эрхэм хүндэт иргэдээ,

20 жилийн тэртээх чөлөөт ардчилсан сонгуулиар үндсэн суурь нь баталгаажсан, ардчиллын замнал Та бидэнд олон зүйлийн ухаарал сургамж үлдээсэн, бахархам ололт амжилт, өмгөөлөн хамгаалах, эрхэмлэн дээдэлбэл зохих олон олон үнэт зүйлсийг бий болгожээ.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүтлэг бишрэлтэй байх эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт, бизнесийн болон бүтээн туурвих эрх чөлөө, олон намын тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагад суурилсан ардчиллын институциуд бодит байдал, бидний амьдралын ердийн хэм хэмжээ үнэлэмж болжээ.

Улс төрийн намуудын харилцаанд улс төрийн шинэ соёл, шинэ хэм хэмжээ тогтож, улс төрийн намууд сөргөлдөгчид биш түншлэгчид болж төлөвшиж байна.

Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч  улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо. Үүний жишээ нь өнгөрсөн жилүүдийн эвслийн болон өнөөгийн манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа юм.

Бид эвсэж нэгдвэл их зүйлийг хийж бүтээж чадахаа ойлгодог боллоо, туршлагатай боллоо. Энэ бол өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал мөн.

Хамтарсан засгийн газар өнгөрөгч хугацаанд УИХ-тай  хамтран олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа аж амьдрал, хүний хөгжлийг хангах, үйлдвэрлэл бизнесийг хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зоримог алхмуудыг хийж эхлээд байна.

Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энхий алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө орууллалтын гэрээг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Таван толгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалыг батлуулснаар байгалийн баялагтаа эзэн нь байх, иргэн бүр өмчтэй болох хувь хишиг хүртэх, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, өсөж хөгжих түүхэн шийдвэр гаргалаа.

Үндэсний аж Үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, шинэ бүтээн байгуулалт, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил, атрын III аян, монгол мал хөтөлбөр гээд асар их хөрөнгө оруулалт шаардсан аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны багтаамжтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлэх эхний алхамуудыг хийлээ. Эдийн засгийн хөгжлийн галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд хэлж байна. Нэг үгээр хэлбэл улстөр, нийгмийн өөрчлөлтийн 20 жил дуусч, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн 20 жилийн буухиа эхэлж байна. Энэ буухиа галт тэрэгний эрч хурдыг сааруулахгүйн тулд хамтарсан Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх, банк санхүүгийн тогтолцоог тогтворжуулах, төрийн өмчийн компаниудын удирдлагыг нээлттэй болгох менежментийг шинэчлэх, бизнесийн орчны шинэтгэлийг эрчимжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэнд, даатгал, халамжийн  үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах, ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх талаар чармайн ажиллаж байна.

Хүний хөгжлийн сан, Хөгжлийн банк байгуулж, иргэддээ хувь хишиг хүртээх, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх  ажлыг эхлүүлж байна. Хүний хөгжлийг хангах , иргэдийн амьжиргааг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 30,0 тэрбум төгрөгийг баталж, 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар өсгөх, хүний хөгжил сангаас иргэддээ сар бүр хувь хишиг хүртээх шийдвэрүүдийг гаргаад байна. Энэ бүхэн Засгийн газрын хийх л ёстой ажлууд. Бид бодитой ажил хийх болно.

Эдийн засаг, нийгмийн эдгээр зорилтуудын зэрэгцээ ардчиллын хөгжлийг хангах, ардчиллын шинэ соёлыг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх зорилтууд тулгараад байна. Энд юуны өмнө сонгуулийн тогтолцоо, сонгуулийн ардчиллыг улам боловсронгуй болгох нь тулгамдсан зорилт юм. Анхны чөлөөт сонгуулиас хойш УИХ-ыг сонгох 5 удаагийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 5 удаагийн сонгуулийг явуулжээ. Ахиц дэвшил мэдээж байгаа боловч зарим талаараа анхны чөлөөт сонгуулийн ардчилсан, шударга өрсөлдөөний зарчмаас гажсан зүйл бий. Үүнийг сүүлийн сонгуулиуд тойрсон маргаан будлиан, иргэдийн санал шүүмжлэл нотолж байгаа. Энэ байдлыг засч залруулахын тулд сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гарцаагүй шаардлагатай. Одоо сонгуулийн хуулийн төсөл ид ярьж байна. Төсөлд хувь тэнцүүлэх / пропорциональ / хувилбар тодорхой хэмжээгээр тусгагдсан. 1990 онд УБХ-ыг бүрдүүлэхдээ энэ зарчмыг баримталсан нь тухайн үедээ улс төрийн шударга хуваарилалт, оновчтой шийдэл болсон туршлагыг ч харгалзан үзүүштэй.

Хамгийн гол нь бид бүгдээрээ сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцах шаардлагатай байна. Сонгууль бол түүнд оролцогч улс төрийн намууд нэр дэвшигчид, сонгогчид, сонгуулийг зохион байгуулагч олон субъектуудын оролцоо, харилцааны соёлыг илтгэх чухал толь билээ. Сүүлийн үед энэ толинд бид тийм ч сайхан харагдахгүй байгаа билээ. Энэ дутагдлаа засч залруулах нь ардчилалд суралцаж, түүнийг хөгжүүлж буйн нэгэн шалгуур болно.

20 жилийн өмнөх анхны чөлөөт ардчилсан сонгуулийн цэвэр шудрага өрсөлдөөний уламжлалыг сэргээж, сонгуулийн ардчиллын шинэ соёлыг төлөвшүүлж, монголын ардчиллын хөгжилд шинэ түрлэг нэмэхийг нийт иргэд сонгогчид, улс төрийн бүх намд уриалж байна.

Та бүхэндээ анхны ардчилсан сонгуулийн 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргье.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.