Монголчуудын анд ноён Сүзүки Мүнэо Монголд айлчилж байна
2010.07.23

Монголчуудын анд ноён Сүзүки Мүнэо Монголд айлчилж байна

УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Японы парламентын төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, ноён Сүзүки Мүнэо гуай манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ эрхэм Монгол Улсад тун элгэмсэг дотно ханддаг нэгэн бөгөөд манай оронenkhbold_z_-meetingд олон удаа тусламжийн гараа хувь, “хувьсгалын” журмаар сунгаж, Монголын ардчиллыг дэмжихэд өөрийн хувь нэмрээ харамгүй оруулж байснаараа онцлогтой хүн билээ.

Түүнийг энэ удаа Монголд анх удаа олон нам оролцсон чөлөөт сонгууль явагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан урьсан юм байна. Ноён Сүзүки Мүнэог өнөөдөр үдээс өмнө УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нарын албаны хүмүүс Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Монгол оронд өрнөсөн ардчиллыг бэхжүүлэх, шинэ Парламентыг хөгжүүлэх үйлст 1990-ээд онд оруулсан эрхэм Сүзүки Мүнэогийн хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа уулзалтын үеэр эрхэм АБГБ-ын байнгын хорооны дарга З.Энхболд онцлоод, түүнийг манай эх оронд тавтай сайхан зочлохыг урьлаа.


УИХ-ын гишүүн З.Энхболд, зөвхөн хоёр зүйлийг энд товчлон онцолмоор санагдлаа гээд, 90-ээд онд манай “ТЭЦ-4” станц бараг зогсохоо шахсан хүнд хэцүү үед Япон улсын зүгээс олон сая долларын тусламж үзүүлж, Монгол оронд хурдан хугацаанд гэрэл гэгээг нэмэрлэсэн бөгөөд хөдөөгийн 200 гаруй сумдад цахилгаан дамжуулах дизель суурилуулахад мөн Сүзүки Мүнэо гуай таны гар сунгасан явдал тань “Иличьийн гэрэл” гэдэг шиг одоо ч дурсагдсаар байдаг хэмээн хэлж, түүнд талархал дэвшүүллээ. Монгол Улсад айлчилсан тоо, нэмэр хандив оруулсан үйлсээрээ Японы Парламентад ноён Сүзүки Мүнэотой эн зэрэгцэх гишүүн бараг үгүй байх хэмээн З.Энхболд гишүүн хэлж байсан. Уулзалтын үеэр хоёр тал албан ёсны зарим чухал яриа, саналуудыг хөндөж, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг улам батжуулах төдийгүй эдийн засгийн түншлэлийн талаар шинэ бодит алхам хийх хэрэгтэй байгаа тухай ярилцсан.

Мөн Монгол, Японы Парламентын түвшинд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэж байв. Энэ оны өнгөрөгч дөрөвдүгээр сард Японы талаас иргэд Монгол Улсад визгүй зорчих нь нээлттэй болсон бөгөөд Монголын талаас Япон руу иргэд харилцан визгүй зорчих боломжийг бүрдүүлэх тал дээр эрхэм Сүзүки Мүнэог анхаарч, зохих түвшинд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга З.Энхболд хүслээ. Тэрээр Японы хувийн хэвшлийн байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах чиглэлд ахиц гаргах нь зүйтэй гэдгийг дурдсан. Түүнчлэн хөгжлийн албан ёсны тусламжийн талаар ч З.Энхболд гишүүн саналаа хэлсэн. Уулзалтын үеэр хоёр тал уул уурхай болон ураны салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, Японы тэргүүлэх техник, тоног төхөөрөмжийг энэ чиглэлд түлхүү ашиглах боломжийн талаар ч дурдсан юм. Ноён Сүзүки Мүнэо бага үдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзсан бөгөөд дараа нь УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Кёкүшүюзан Батбаяр, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нартай уулзалт хийлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.