Гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин өсчээ
(Нийгмийн толь)- Манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байна. Цаашид ч уг хувь хэмжээ ихээхэн өсөх төлөв ажиглагдаж байгаа. Хэрэв уг байдал биелэлээ олбол богино хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлж, үндэсний бүтээмжийг өсгөх юм. Манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 339.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин буюу 158.8 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Хөрөнгө оруулалтын ихэнх хувийг уул уурхай эзэлж байна. Тус салбар нийт хөрөнгө оруулалтын 62, харин барилгын 11 хувийг эзэлж байгаа аж.
Ихэвчлэн үйлдвэрлэлийг санхүүжуүлж байгаа тул хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж, материал хэрэгсэл хэлбэрээр орж ирж байна. Үлдсэн хувь нь бэлэн валютаар орж ирж байгаа аж. Иймд Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын валютын ханшид үзүүлэх нөлөө богино хугацаанд сулавтар, экспорт эхэлсний дараагаар буюу дунд, урт хугацаанд өнөөгийнхөөс хүчтэй байх хандлагатай байгаа аж.
Т.ДАШМАА