Хятадтай хамтран чанаргүй барааны урсгалыг зогсооно
(Нийгмийн толь)- Манай улс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг нэмэгдүүлэх үүднээс Хятад улсын Үйлдвэр худалдааны газартай хамтран ажиллах болжээ.
Өнгөрсөн онд тус улстай энэ чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Үүний хүрээнд Хятадын талаас туршлага хуваалцаж байгаа аж. Тус улс хэрэглэгчийн эрхийг хагаалах асуудлыг хуульдаа нарийн чанд зааж өгсөн байдаг байна. Хятадын Хэрэглэгчийн тухай хуульд байгууллага аж ахуй нэгж хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн бараа бүтээгдэхүүний үнийг нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө өгч, хэрэглэгчийг хохиролгуй болгох ёстой талаар заажээ. Түүнчлэн хүний амь нас, эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ноцтой зөрчил гаргасан бол цаазаар авах ял оноодог байна. Тухайлбал, Хятадад меламинтай сүү үйлдвэрлэсэн хүмүүст цаазаар авах ял оноож байжээ. Тэгвэл тус улсаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүн чанаргүй байх нь олонтаа байдаг билээ.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэгпэгчийн төлөө газрын дарга Д.Мандахаас тодрууллаа.
-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс Хятадын талтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Юуны түрүүнд хоёр талын хэрэглэгчдийн эрх хохирвол хаана хандах вэ гэдгийг тодорхой болгохоор ярилцаж байна. Манай улсын иргэд хятадад очоод хохирсон бол тус улсын холбогдох байгууллагад шууд хандах уу, эсвэл манайхаар дамжуулах уу гэдгийг судалж байгаа. Өөрөөр хэлбэл, аль нь илүу амар хялбар, тохиромжтой болох талаар судалж байна. Хятад улсын иргэдийн эрх ч гэсэн манай улсад зөрчигдөж байгаа явдал бий. Тиймээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалах тал дээр харилцан тусалж байхаар болсон.
-Хятадын бараа бүтээгдэхүүн манай хэрэглэгчдийн эрхийг хамгийн ихээр хохироож байгаа. Хүнсний болон гоо сайхны бараа, барилгын материал гээд чанаргүй, хортой бүтээгдэхүүний талаарх гомдол цөөнгүй ирдэг. Үүнийг зохицуулахад Хятадын талтай хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн асуудалд Хятад улс хатуу чанга ханддаг. Хуурамч, баталгаагүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниудад ногдуулах торгуулийг хуульдаа нарийн чанга зааж өгсөн болохоор үйлдвэрүүд нь хэрэглэгчдийг аль болох хохироохгүй байхыг эрмэлздэг тухай хэлж байсан. Тиймээс Хятад улс манайхтай хамтран найм, есдүгээр сард баталгаагүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хил орчмын хотуудад хяналт шалгалт хийх гэж байгаа. Ингэснээр Эрээн хотоос хуурамч, баталгаагүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэх явдлыг зогсооно. Тэгээд ч манай импортлогчид чанаргүй бараа, бүтээгдэхүун оруулж ирэхгүй байх хэрэгтэй. Үүнийг хянахын тулд хилийн хяналтыг сайжруулж байгаа. Гэвч хилийн хяналтаас гадуур хуурамч бараа бүтээгдэхүүн орж ирэх явдал их байна.
-Торгуулийнхэмжээ бага байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчих шалтгаан болоод байна уу?
-Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд ногдуулж буй торгуулийн хэмжээ бага байгаагаас энэ төрлийн зөрчил багасаагуй гэж хэлж болно. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, зөрчил гаргагч этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Энэ тал дээр ч бас Хятадын талтай хамтран туршлага судалж байгаа. Үүнээс гадна манай аж ахуй нэгж, компаниуд хариуцлагатай байх хэрэгтэй. Түүнчлэн хэрэглэгчдийн мэдлэг хомс байгаагаас их хууртагддаг. Тиймээс иргэдийн мэддэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
М.АРИУНСУВД