Денвер хотынхон Сэлбэ голын ундаргыг нэмэгдүүлэхэд тусална
2010.07.29

Денвер хотынхон Сэлбэ голын ундаргыг нэмэгдүүлэхэд тусална

rivre(Өнөөдөр)- Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон 60 гаруй хот байдгийн нэг нь АНУ-ын Колорадо мужийн Денвер хот юм. Одоогоос есөн жилийн өмнө тус хоттой ах дүүгийн харилцаа тогтоосноор өдгөө Улаанбаатар хот Денвер хотын нэрээр нэрлэсэн гудамжтай болжээ. Энэхүү гудамж нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр АНУ-ын элчин сайдын яамны өмнө байрладаг. Улаанбаатар-Денвер ах дүү хотуудын хороог үүсгэн байгуулагч Жим Вагенландер Денвер хотын зүүн хэсэгт Улаанбаатар нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан талаар хэлжээ. Денвер хот энэ цэцэрлэгт хүрээлэндээ хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна.    Түүнчлэн Америкт амьдарч байгаа монгол уран барималчаар «Улаанбаатар» нэртэй хөшөө бариулж босгосон байна.

Денвер хотын төлөөлөгчид хоёр хот ах дүүгийн харилцаагаа улам бататгаж ирэх жилээс дунд сургуулийн сурагчдаа солилцдог байя гэсэн санал тавьжээ. Тэд ирэх жил тохиох 10 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд нийслэл хотод маань хөл тавиад байгаа аж. Ах дүүгийн ёсоор хамтран ажиллах саналаа богц дүүргэн өвөртөлж ирсэн тэдний удаах санал нь Сэлбэ голын усны ундаргыг нэмэгдүүлэх. Дашрамд сонирхуулахад одоогоос 100 жилийн өмнө Денверт Сэлбэ голтой яг адил ундарга нь татарсан гол байдаг байсан аж. Харин одоо тэр гол эргэн нөхөн төлжиж Денверийн томоохон голуудын нэг болсон байна. Денверчүүд ах дүүгийн харилцаа тогтоосон отгон хот болох Улаанбаатарт зориулж Сэлбэ голын ундарга нэмэгдүүлэх, улмаар тус голын эрэг дээр амралт зугаалгын төв байгуулж өгөх хүсэлтэй байгаагаа Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга Б. Баатарзоригтод уламжилжээ. Тиймээс энэ шугамаар сайн дурын ажилтнууд, мэргэжлийн баг авч ирэхэд туслалцаа үзүүлэхийг хотын удирдлагууд хүслээ. Денверийнхний тавьсан саналыг Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга талархан хүлээн авсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.