2024.09.25

ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР БАРИГДСАН АНХНЫ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сүхбаатар дүүрэг орон нутгийнхаа төсвөөр хэвтүүлэн эмчлэх 200 ортой “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийг барьж ашиглалтад орууллаа. Анхны төсвийг 2018 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөрөө батлуулж, 3 жилийн дараа буюу 2021 оны 8 сард шавыг нь тавьж байжээ.

Тухайн үед тус дүүргийн Засаг даргаар Х.Болормаа ажиллаж байсан бөгөөд СБД нь олон улсын стандартын энэхүү эмнэлэгээс гадна 2022 онд хог хаягдлын менежмент, зам засвар, арчлалтыг сайжруулахаар 5 нэр төрлийн 15ш машин, механизмаар орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад парк шинэчлэл хийж, 1000м2 талбайтай засвар үйлчилгээний төвийг байгуулж байсан юм. Мөн дүүргийнхээ ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулж, орон нутгийн төсвөөр 14 дугаар хороонд Ахмадын хөгжлийн төвийг барьж, ашиглалтад оруулж байв.

Өдгөө УИХ-ын гишүүн, СБД-ийн Засаг дарга асан Х.Болормаа “Сэлбэ” эмнэлэг ашиглалтад орсонтой холбогдуулан хэлсэн үгэндээ “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дүүргийн төсвөөр баригдсан гэдгээрээ анхдагч, магадгүй түүх болон үлдэх энэ төсөл өнөөдөр бодит бүтээн байгуулалт болсныг хараад бахархалтай сайхан байна. “ гэлээ.

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгийн тухайд дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий 200 ортой, анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаараа онцлог. Мөн тус эмнэлэг нь хүүхэд, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, дотор, мэдрэл гэсэн долоон чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх ба СБД-ийн нийт 143 мянган иргэнд үйлчлэх юм. Нийт хэвтэн эмчлүүлэх 200 ортойгоос хүүхдийн тусламж үйлчилгээнд 40, насанд хүрэгчдийн 160 ортой байхаар төлөвлөжээ. Мөн мэс заслын дөрвөн вакумжсан өрөөтэй байхаас гадна шинжилгээний дээжийг зөөвөрлөх тусгай лифттэй аж.