"Жайка" эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийнэ
(Ардчилал)- ЭБЭХ-ний сайд Д.Зоригт "Жайка" байгууллагын дэд ерөнхийлөгч К.Оошиматай уулзлаа.
Түлш, эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг тус байгууллагын шугамаар Монголд үзүүлдэг Хөгжлийн албан ёсны тусламжаар хязгаарлахгүй, хувийн хэвшлийн төвшинд хөгжүүлж, үүндээ шинэ технологи нутагшуулах, монголчуудыг сургах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа Д.Зоригт сайдад дуулгалаа.
Уулзалтын үеэр Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийг хөндөн ярьж, Монгол Улсад үзүүлэх энэхүү тусламжийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан шинэ хөтөлбөрт эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг оруулах нь зүйтэйг онцлон тэмдэглэв.
Жайкагийн дэд ерөнхийлөгч К.Оошима эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад хамтран ажиллана гээд сайд Д.Зоригтын онцолсон төслүүдэд анхаарч ажиллана гэлээ. Мөн Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой холбон боловсруулахыг зорьж буйгаа онцлов.
Япон Улсын Засгийн газар 1991 оноос хойш манай улсад 3.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж олгожээ.