Л.Зоригт сайд Японы хоёр сайдтай уулзаж, хэлэлцээ хийжээ
2010.08.02

Л.Зоригт сайд Японы хоёр сайдтай уулзаж, хэлэлцээ хийжээ

jap(Ардчилал)- Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа.

Айлчлалын эхний өдөр сайд Д.Зоригтыг Япон улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ё.Сенгоку хүлээн авч уулзсан байна. Хөрөнгө оруулалт, техник технологи, боловсон хүчнийг хамарсан цогц хамтын ажиллагааг олон салбарт өрнүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагааны хүрээнд Хамтдаа хөгжих сонирхолтой байгаагаа ноён Ё.Сенгоку ярьжээ.

Д.Зоригт сайд мөн өдөр Японы Гадаад хэргийн сайд ноён К.Окататай хэлэлцээр хийлээ.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, хоёр орны хамтын ажиллагааг хувийн хэвшлийн төвшинд өргөтгөх, техник технологийн орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татаж, боловсон хүчин бэлтгэх гэсэн цогц байдлаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын харилцааг шинэ төвшинд гаргахад шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Японы хувийн хэвшлийн компаниудыг өргөнөөр оролцуулахад дэмжин ажиллахыг хүсээд, сайд К.Окатад санал тавьсан юм. Тухайлбал, олон улсын нисэх онгоцны буудал барих асуудлыг түргэвчлэх, Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад хөрөнгө оруулах, зарим эрдэс баялгийг боловсруулах үйлдвэр байгуулахад хамтарч ажиллахыг хүслээ.

Японы Гадаад хэргийн сайд К.Оката, хоёр орны харилцааг хувийн хэвшлийн салбарт хөгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Тэрээр эрчим хүчний салбарын төслүүдийг дэс дараатай судалж үзэхээ мэдэгдлээ. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хоёрдугаар шатны асуудалд нааштай хариу гарна гэв. Япон улсаас манайд үзүүлсэн Жижиг дунд үйлдвэрийн зээлийн эхний хэсэг нь нийт 29 сая ам.доллар байсан бол хоёр дахь хэсэгт хөрөнгө нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.

Сайд Д.Зоригт Япон улсын Эдийн засаг, худалдаа үйлдвэрийн сайд М.Наошиматай уулзаж, тус яамны харьяа Японы газрын Тос, хий металл, эрчим хүчний хэрэгжүүлэгч агентлаг болон Шинэ эрчим хүчний хөгжлийн агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.

Б.АНАР

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.