Европын Холбооны улстай гэрээ байгуулахад Австри улс дэмжинэ
(Ардчилал)- УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилж буй Бүгд найрамдах Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга, ноён Фриц Нойгебауэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ноён Фриц Нойгебауэр хэлэхдээ Монгол Улс бол олон улсын хамтын ажиллагааны найдвартай түнш орон болохыг онцлоод УИХ-ын дарга цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийллээ.
Тэрбээр хоёр орны төлөөлөгчид харилцан ойр ойрхон зочилж байгаа энэ үед зөвхөн Засгийн газар төдийгүй парламент хоорондын харилцаа улам өргөжих нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэв. Монгол Улс Европын Холбооны улстай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Австри улс дэмжихээ амлав.
Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн тухай санал солилцсон байна.