"Хятадын Засгийн газрын тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцанд Дэнжийн 1,000, Ногоон нуур, МҮОНРТ орчмын айл өрхүүдийг оруулна"
2024.10.02

"Хятадын Засгийн газрын тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцанд Дэнжийн 1,000, Ногоон нуур, МҮОНРТ орчмын айл өрхүүдийг оруулна"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ногоон нуурт баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хотын дарга Х.Нямбаатар өглөө.

Тэрбээр "Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлснээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуульд заасны хүрээнд Дэнжийн 1000, Ногоон нуур, МҮОНРТ-ийн орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж оруулах, өмчлүүлэх, хашаа байшинг шинээр баригдсан орон сууцаар солих эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод олгосон.

Тус орон сууц нь ирэх оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га газрын 2,206 айлыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1,596 айлын газрыг чөлөөлсөн. Энэ онд багтаж 400 гаруй, ирэх онд 206 айлтай хэлэлцэл хийж дуусна.
Сэлбэ дэд төвийг түшиглэсэн Сэлбэ хот нь 12 мянган айлын орон сууцны хорооллоос бүрдэхээс гадна цогц үйлчилгээ авч болохоор төлөвлөгдсөн. Тус 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн замын баруун талын гол зам хоёрын дунд буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг гардуулахаар төлөвлөж байна.

Сэлбэ дэд төв дээр байгуулагдсан 12 мянган орон сууцанд 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд нүүж орж, газар чөлөөлөлтөөр 701 га газар Нийслэлийн Орон Сууцны Корпорац (НОСК)-ын мэдэлд шилжиж ирнэ.

Энэхүү газарт 50 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн төлөвлөлт, авто замын сүлжээ барьж, дараагийн барилгын компаниудад газраа арилжина. Ингэснээр 50 мянган айлын орон сууцнаас ашигтай талбайн 25-30 хувийг бидэнд санал болгосон барилгын компанид уг газрыг хүлээлгэж өгнө. Газрынхаа 25-30 хувийн төлбөрт авсан барилгаар дараагийн газар чөлөөлөлтийг хийх төлөвлөлт явж байна.

Баянхошуу дэд төв дээр нийтдээ 160 га газрыг барилгажуулах төлөвлөгөөтэйгөөс 60 га-д нь Нийслэлээс гадаадын ногоон орон сууцны төслөөр 6,000 мянган айлын орон сууцыг барина.
НОСК эх үүсвэр босгож, Ханын материал орчимд 9.2 га газрыг чөлөөлөх ажил явагдаж байгаа. Ханын материал, Баянхошуу орчимд 8,000 айлын орон сууц баригдана.

Үлдэж буй 100 га газарт дэд бүтцийн төлөвлөлт хийж, барилгын компаниудад арилжина. Барилгын компаниуд мөн адил 25-30 хувийг бидэнд шилжүүлж өгч, энэхүү фондоор Толгойт, Их бага наран орчмыг нүүлгэн шилжүүлж оруулах орон сууцны бодлого явуулж байгаа.

Мөн Шархад дэд төвийг түшиглэсэн орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Баригдсан орон сууцанд өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1, 2, 3 өрөө байрнуудаас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа. Барилга барих, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн батламж биш.

Сэлбэ дэд төв дээр чөлөөлөгдөж буй 400 метр квадрат газартай, 40 орчим метр квадрат байшинтай айлуудыг 175 сая орчим төгрөгөөр үнэлж авч байгаа" гэв.