2024.10.02
"Эерэг Монгол" 2024 чуулган "Өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд боллоо
JCI Mongolia байгууллагын санаачлан жил бүр зохион байгуулдаг "Эерэг Монгол" 2024 чуулган "Өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Уг чуулганд Эмнести Интернэшнлээс оролцож, үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг болон хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд олон нийтийн сүлжээний платформын үзүүлэх нөлөөний талаар хэлэлцүүллээ.
2023 онд Эмнести Интернэшнл 45 орны 13-24 насны хүүхэд, залуучуудын амьдралын туршлага, санаа зовнил, нийгмийн сүлжээнд хандах хандлагыг илүү сайн ойлгохын тулд асуулга явуулсан бөгөөд хор хөнөөлтэй контент, хувийн мэдээллийн аюулгүй байдлын улмаас эрх нь ноцтой зөрчигдөж байгааг олж тогтоосон юм. Мөн чуулганаас гарсан нэгдсэн зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд уг зөвлөмжид дараах асуудлыг орууллаа. Үүнд:
- Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсрол шинжлэх ухааны яам, иргэний нийгмийн байгууллагын манлайлал дор хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн үе шат бүрийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг хамтран боловсруулах;
- Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тайлбарлан таниулсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах;
- Албан боловсролоор дамжуулан хүний эрх сэдвээр тусдаа хичээл орох төдийгүй бусад хичээлүүдэд хүний эрхийн агуулгыг интеграцчилах замаар хичээлийн агуулгад тусгах;
- Хүний эрхийн мэдлэг, хандлагыг сурагчдад төлөвшүүлэхдээ хүний эрхэд ээлтэй сургууль, сургуульд суурилсан арга замыг ашиглах;
- Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн Иргэний ёс зүйн боловсрол, нийгмийн ухааны хичээл заадаг багш нарт арга зүйн зөвлөмж, сайн туршлагын эмхэтгэл, мэргэшүүлэх сургалтын модуль боловсруулж түгээх, тэднийг давтан сургах, мэдлэг ур чадварт нь суурилсан батламж олгох асуудлыг бодлогоор зохицуулах;
- Хүний эрхийн боловсролын талаарх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүний эрхийн сургагч багш бэлтгэхэд шаардлагатай төсөв, татварын бодлогоор дэмжих.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан