Ё.Отгонбаяр: Гадаадад сурч байгаа оюутан ч 500 мянгаа авч болно
2010.08.23

Ё.Отгонбаяр: Гадаадад сурч байгаа оюутан ч 500 мянгаа авч болно

Энэ хичээлийн жилд дунд сургуулийн хичээлийн сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй болсон. Мөн их дээд сургуульд суралцагчдын төлбөрийг он гаргаад Хүний хөгжил сангаас тодорхой хувийг олгох болсон талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодруулсotgonbayar_saiaан юм.
-Ирэх оноос оюутнуудын сургалтын төлбөрийг Хүний хөгжил сангаас төлөхөөр болсон. Нийтдээ хэдэн төгрөг гаргах вэ?
-Хуулиар бол 1.5 сая төгрөг иргэн бүрт олгоно. Түүнээс 500-г бэлнээр олгоно. Үлдсэн мөнгийг нь төрийн үйлчилгээгээр олгох шийдвэр гарсан. Хүний хөгжил сангийн хөрөнгө төсөвт суугаад эхэлчихвэл журам нь батлагдсан өдрөөс сургалтын төрийн сангийн журам нь өөрчлөгдөнө гэсэн үг. Улс орны хэмжээнд 164 мянган оюутан байгаа. Эдгээр оюутнууд дээрх үйлчилгээг авна гэж тооцвол 80 тэрбум төгрөг зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо гарч байгаа.
-Хүний хөгжил сангаас олгогдох мөнгийг гэр бүлийн гишүүд нийлж байгаад нэгнийхээ сургалтын төлбөрийг хийж болох юм болов уу?
-Тэгж болох байх. Журам гарахаар хэрхэн яаж хийх асуудал илүү тодорхой болох байх.
-Орой болон эчнээ ангид орж байгаа мөн гадаадад суралцаж байгаа оюутнууд Хүний хөгжил сангаас олгож байгаа үйлчилгээнд хамрагдаж болох уу?
-Хамрагдах боломжтой. Орон сууцны санхүүжилт, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал гэх мэтийн үйлчилгээнд зарцуулна гэж хуульчлагдсан байгаа юм. Тиймээс иргэн тухайн үйлчилгээнээс аль өөрт хэрэгтэй байгаагаа сонгосон тохиолдолд Хүний хөгжил сангаас санхүүжилт явуулна. Хэрэв иргэн сургалтын төлбөрөө өөрөө төлөөд хүний хөгжил сангаас олгогдох мөнгөө эрүүл мэнддээ хэрэглэнэ гэж болно. Энэ бол хувь хүний асуудал.
-Тэгэхээр тэдгээр иргэд сургуулийнхаа захиргаанд өргөдлөө өгнө гэсэн үг үү?
-Журам нь арай батлагдаагүй байгаа. Тиймээс урьдчилан хэлэх бололцоогүй. Ер нь бол иргэн өөрөөсонголтоо хийнэ гэсэн зарчим үйлчилнэ.
-Төрийн сангийн буцалтгүй тусламжаар сурч байгаа залууст зээлээ үргэлжлүүлээд арай өөр хэлбэрээр энэ мөнгөө авч болох уу?
-Болно. Гэхдээ одоо төрийн сангийн зээл буцалтгүй тусламжуудыг энэ оноос хичээлийн шинэ жилийн эхний дөрвөн сараар авахаар болсон. Бүтэн оныхоор бүрэн олгохгүй. Тэгээд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хүний хөгжил сангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулаад сургалтын төрийн сангийн шалгуур үзүүлэлт олгох журам хувь хэмжээг нь өөрчилнө. Өөрчлөх чиглэлээ олон нийтэд тухайн үед нь нээлттэй хийнэ. Одоо энэ хичээлийн жилд сурлагын амжилттай холбогдуулж олгож эхэлнэ. Энэ өөрчлөлтийг яагаад одоогоор хийхгүй байна вэ гэвэл их дээд сургуулиуд дээр тестийн төвүүд байгуулж байна. Тестийн төвүүдээ байгуулж гүйцээд суралцагчийн амжилтыг хувь хүний ямар нэгэн нөлөөлөлгүй дүгнэж болох бололцоотой болсон цагт сургалтын төрийн санг сурлагын амжилттай холбож болохгүй гэж үзэж байна. Хэрэв 100 хувь сурлагын амжилттай холбоё гэвэл дүн гуйх асуудал гарч ирнэ.Ямар ч хамаагүй аргаар дүн тавиулах эрсдэл гарах магадлалтай. Тиймээс тестээр сурлагын амжилтыг тогтоож чаддаг болсон цагт хийе гэж бодож байна.
-Төрийн зээл тусламжид энэ жил хичнээн оюутан хамруулж байна вэ?
-Зургаан мянган оюутан шинээр хамруулж байна. Нийт 40 гаруй мянган оюутан энэ зээлд хамрагдсан байдаг.
-Сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй байх талаар Ерөнхий сайдад ажлаа тайлагнах явцдаа дурдаж байсан. Энэ талаар тодруулбал?
-Урьд нь байсан практикаар сурах бичгийг компаниуд үйлдвэрлэдэг. Түүнээс нь яам сонгон шалгаруулалтыг хийж зохиогчийн эрх олгодог байсан. Тэгэхээр зохиогчийн эрх яам компанид хоёуланд нь байдаг байсан. Иймээс сурах бичгийг ямар үнээр борлуулахаа тухайн компани шийддэг байлаа. Одоо бол зохиогчдыг нь яамнаас сонгон шалгаруулна. Нэг ёсондоо яамны өгсөн үүрэг даалгаврыг компани биелүүлээд, зохиогчийн эрх нь яаман дээр шилжиж байгаа юм. Тиймээс үнэ хөлсний асуудалд Засгийн газар оролцох бололцоотой болж байна гэсэн үг. Тиймээс өнөө жил өнгөрсөн оныхоо үнээр сурах бичгийг худалдана гэсэн шийдвэрт хүрсэн. Саяхнаас сурах бичгийн хэвлэлт эхэлж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд бэлэн болох байх.
-Бусад хичээлийн хэрэгслийн хувьд?
-Бусад хичээлийн хэрэглэлийн хувьд зохицуулалт нь манай яаманд байдаггүй. Тийм болохоор манай зүгээс тодорхой арга хэмжээ авахад хэцүү, харин бизнес эрхлэгчиддээ хандан хэлэхэд долларын үнэ ханш харьцангуй хэвийн байгаа үед барааны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн үнэ нэмж байгаа бол зохимжгүй асуудал гэж үзэж байна. Ер нь шударга өрсөлдөөний зохицуулах газраас тодорхой шийдвэр гарах байх.
-Энэ жил уул уурхайн чиглэлээр суралцах элсэгчдийн тоог нэмсэн үү. Өмнөх жилийнхтэй адилхан байгаа юу?
-Элсэлт нэмж авсан. Мөн хос хөтөлбөрийн анги Герман улстай хамтран ШУТИС дээр шинээр нээж байна. Хоёр жил Монголд сураад, дараагийн хоёр жил Германд сурна. Хоёр дээд сургуулийн дипломтой төгсөнө. Энэ жил 25 хүүхэд элсүүлсэн.

Б.Даваа
Эх сурвалж. Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.