Олимпийн хоёр аваргатай багийн ахлагч эх орондоо ирлээ
Сингапурт болсон хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцсон Монголын баг тамирчдын ахлагч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй манай багийн албаны зарим төлөөлөгчид даваа гарагт эх орондоо ирлээ. Сингапур улсаас дөнгөж ирээд Монголын үндэсний олимпийн хорооны “Цагаан ордон”-д зохион байгуулж байгаа “Боловсролыг эмэгтэйчүүдэд” хөтөлбөрт сургалтад оролцогч бүсгүйчүүдтэй ирж уулзах үеэр нь түүнээс “Сингапур 2010″ хүүхдийн анхдугаар олимпийн наадамд хүч үзсэн баг тамирчдын талаар сэтгэгдлийг нь сонслоо.
-Монголын өсвөрийн баг тамирчид хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас хоёр ч олимпийн аваргатай болоод ирсэнд баяр хүргэе?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхэд залуучуудын олимпийн наадмыг анх удаагаа зохион байгуулж дэлхийн 204 орны өсвөрийн тамирчид хурд, хүч, ур чадвараа сорьж өрсөлдлөө. Энэ наадамд оролцсон улс орнууд хүүхдийн олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч тамирчдаа чамбай бэлтгэн оролцуулж байгаа нь ажиглагдлаа. Манай улсын баг тамирчид ч бэлтгэлээ сайн базааж амжилттай оролцлоо. Манай тамирчдын хувьд урьд өмнө нь сэтгэл зүйн бэлтгэл дутагдаж байгаа нь ажиглагддаг байсан. Харин энэ удаагийн наадмаас харж байхад энэ асуудалд их өөр ханддаг болжээ.
Манай хүүхэд, залуучууд ялна, дийлнэ гэсэн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, маш хийморьтой, оролцож амжилт гаргалаа. Манай улсын хувьд чөлөөт бөхийн спорт нь нэлээд эртнээс хөгжиж, дэлхийд алдраа мандуулсан гэж болно. Үе үеийн чөлөөт бөхийн тамирчид олимп, дэлхий, тивийн дэвжээнд ялалт байгуулж олимпийн алтаас бусад бүх медалийг авчирсан түүхтэй. Харин энэ олимпийн дэвжээнээс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр олимпийн аваргатай болсон нь түүхэн үйл явдал боллоо. Энэ амжилт нь чөлөөт бөхийн төрлөөр манай баг тамирчдад маш том урам зориг хайрлаж цаашдаа олон олон олимпийн аварга төрүүлэх эхлэл нь боллоо гэж ойлгож байна. Энэхүү хүүхдийн анхдугаар олимпийн наадамд манай Засгийн газар, БТСГ, МҮОХ-той хамтран гар нийлж, нэгэн зорилго, сэтгэлээр ажиллаж чадлаа. Төрөөс Биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч, “Сингапур 2010″ хүүхдийн анхдугаар олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн хувьд сэтгэл маш хангалуун байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд дэлхийн спортын тавцанд ийм өндөр амжилт гаргаж байгаа нь үнэхээр бахархалтай хэрэг. Өнөөдөр Монгол Улс өөрийн орны уул уурхайг хөгжүүлэхэд дорвитой том алхамууд эдийн засаг нь хүчирхэгжиж байгаа биеийн тамир, спортыг хөгжүүлэх илүү өргөн боломж нээгдэж, хүн ард нь эрүүл энх байж, хөгжин дэвжих таатай нөхцөл бий болж байгаад таатай байна.-Энэ олимпийн наадмаас бокс, жүдогийн тамирчдад манай спорт сонирхогчид илүү их найдвар тавьсан байх шүү?
-Тэр мэдээж. Гэхдээ монголчууд ямар ч спортын төрлөөр амжилт гаргаж чадна гэдгийг энэ удаагийн олимпийн наадам нотлон харууллаа. Гимнастикийн спортоор монгол хүн анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Г.Эрдэнэболд хүү үнэхээр бахдам амжилт гаргаж чадлаа. Цаашдаа ч олон шилдэг тамирчид, олимп, дэлхийн аваргууд төрнө гэдэгт итгэл дүүрэн байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: “Монцамэ”