Хорго, Тэрхийн байгалийн цогцолборт газрын бэлчээрийн менежментийг сайжруулна
2010.08.30

Хорго, Тэрхийн байгалийн цогцолборт газрын бэлчээрийн менежментийг сайжруулна

Архангай аймгийн Тариат сумын төвд өнгөрсөн 16-17-ны өдрүүдэд Хорго, Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрын (БЦГ)-ын бэлчээрийн менежментийн асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөнд сумын ЗДТГ, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, БОАЖГ-ын байгаль хамгаалагчид,Тэрх, Хорго, Цагаан нуур багийн засаг дарга нар, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл” хөтөлбөрийн мэргэжилтнүүд болон Ихтамирын Өндөр уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний станц (ӨУБМААЭШС)-ын судлаачид, малчдын бүлгийн ахлагчид оролцсон байна.

Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ, түүний орчны бүсийн хадлан, бэлчээрийн ургацын хөдлөл зүй, даацыг судалж, зүй зохистой ашиглах хамтын менежментийн арга боловсруулж нэвтрүүлэх ажлын тайлан, үр дүнг оролцhorgoогчид голлон зөвлөлдөв. Мөн бэлчээр ашиглагчдын хамтын менежментийн гэрээний төсөл боловсруулах, багуудын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд тусгах цогцолборт газруудын саналыг оруулан боловсруулах зэрэг ажлын гүйцэтгэх хугацаа, хариуцах эзнийг баталлаа.


Хорго, Тэрхийн БЦГ-ын бэлчээрийн менежментийг сайжруулах алхмуудыг ийнхүү хэлэлцэхийн зэрэгцээ бэлчээрийн даац тодорхойлох энгийн аргуудыг малчдад зааж сургах нь энэ удаагийн зөвлөгөөний бас нэг зорилго байв. Бэлчээрийн даац тодорхойлох арга зүй эзэмшүүлэн дадлагажуулах сургалтыг ӨУБМААЭШС-аас зохион байгуулсан юм. Энэ үеэр мониторингийн талбайгаас бэлчээрийн даац тогтоох дээж аван цаг уурын станцад өгч, бэлчээрийн даац багтаамж тогтоох энгийн аргуудыг малчдад заалаа.
Хорго, Тэрхийн БЦГ-ын бэлчээрийн менежментийг сайжруулах талаар ойрын хугацаанд хийх ажлаа тодорхойлохдоо бэлчээрийн хил зааг газрын хэмжээг тогтоож, багуудын БЦГ-ын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулах ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөв.

 

“Дээрх ажлуудыг гүйцэтгэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, малчид бэлчээр ашиглах хамтын менежментийн арга зүйтэй болно. Түүнчлэн, малчдын бүлэг, бэлчээр ашиглагчид хамтын менежментийн дөрвөлсөн гэрээтэй болно. Хамгийн чухал нь цогцолборт газрын онцлогийг тусгасан бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болно” гэж Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Болдбаатар мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.