2010.08.30
Оршуулгын газар хаяагаа тэлжээ
Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөл авсан 1000 га оршуулгын газар байна. Үүнээс гадна талийгаачдыгаа дуртай газраа аваачаад тавьчихдаг 6-аас 7 газар бий болсон тухай албаны хүмүүс Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцууллаа. Тэр ч байтугай ил задгай газар тавьж орхидгоос хүний гавлын яс зуусан нохой хотын захын хороололд гүйж явсан баримт дурьдагдлаа. Хил хязгаараас гарах нь дөхсөн оршуулгын энэхүү газруудыг цэгцлэх, оршуулсан шарилыг чандарлах, шилжүүлэх журам хотод мөрдөгдөхөөр болж байна.
Энэ ажлын хүрээнд Самбалхүндэв, Өлзийт хороолол дахь оршуулгын газруудыг хашаа барьж тусгаарлах, хятад иргэд оршуулж байсан газрыг хөндөн шарилуудыг нь чандарлах асуудал гарч ирч байна. Ингэснээр газар чөлөөлж шинэ суурьшлын бүс бий болгох тухай яригдаж байгаа юм. Чандарлах ажлыг Улаанбаатар буян компани гүйцэтгэж өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус байгуулага 30-аад шарилыг ар гэрийнх нь зөвшөөрөлтэйгөөр чандарлажээ. Ингэж журам мөрдөхгүй бол Улаанбаатар хотод оршуулгын газар жилд 20-25 га-аар нэмэгддэг гэж байна. Түүнчлэн хотоо тойрсон оршуулгын газарт дарагдснаар хотын ус, агаар, хөрс улам бүр бохирдож буй таагүй мэдээлэл дуулдлаа. Мөн өнөөдрийн байдлаар оршуулгын газартай хөршлөн амьдарч буй айл өрхийн тоо 25 мянгад хүрчээ. Энэ бүхэн иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд нөлөөлөх төдийгүй Улаанбаатар хотын өнгө үзэмжийг гутааж байгаа юм. Цаашдаа талийгаачийг чандарлах нь хамгийн зөв арга зам гэж үзэж байгаа юм. Эсвээс дэлхийн бусад улс орнууд шиг маш өндөр төлбөрөөр газар худалдан авч талийгаачаа оршуулах тухай асуудал гарч ирж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.