О.Саранчулуун: Дэлхий дээр 3.5 тэрбум хүн шаардлага хангаагүй жорлонд бие засаж байна
2024.11.19

О.Саранчулуун: Дэлхий дээр 3.5 тэрбум хүн шаардлага хангаагүй жорлонд бие засаж байна

НҮБ-аас 2013 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. 

Энэ жилийн хувьд "Энхийн төлөө ариун цэврийн байгууламж" уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Ариун цэврийн байгууламж, усны үйлчилгээ нь хүн бүрт хүртээмжтэй, хор хөнөөлөөс хамгаалагдсан байх ёстой. Гэтэл дэлхий дээр 3.5 тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлонд, 419 сая хүн ил задгай бие засдаг. 

Эрүүл ахуй хангагдаагүй, зориулалтын бус системтэй жорлонгоор дамжсан хүний биеэс гадагшилж буй хог хаягдал нь хүрээлэн буй орчинд тархаж, холер зэрэг үхлийн аюултай өвчин үүсгэдэг.

Засгийн газрын зүгээс хүртээмжтэй, хор хөнөөлөөс ангид ариун цэврийн байгууламж, усны үйлчилгээгээр ард иргэдээ хангах үүрэгтэй.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын  хорооны ажлын хэсэг Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн нийтэлжээ.