НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал үргэлжилж байна
2024.11.20

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал үргэлжилж байна

COP 29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал Бүгд найрамдах Азербайжан улсын Баку хотноо болж байна. Энэхүү хурлаар хөгжиж буй орнуудад тулгарч буй байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, байгальд ээлтэй цэвэр технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн санхүү, технологи, чадавхийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа нь манай улсад өндөр ач холбогдолтой юм.

Энэ удаагийн COP29 Уур амьсгалын санхүүжилтийг өргөжүүлэхэд голлон анхаарч байгаа тул "Санхүүгийн COP" гэж нэрлээд байна. Уур амьсгалын санхүүжилт гэдэг нь орлого багатай орнуудад нүүрстөрөгч ялгаруулдаггүй эдийн засагт шилжихэд болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа орнуудыг дасан зохицоход нь туслахад шаардлагатай санхүүжилт юм.
COP29-ийн гол зорилго нь энэхүү санхүүжилтийг нэмэгдүүлж, ирээдүйн уур амьсгалын санхүүжилтийн шинэ зорилтыг бий болгох явдал юм.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Баку хотноо зохион байгуулагдсан Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо.

Энэ үеэр С.Одонтуяа сайд Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээ хэмнэх боломжуудыг бодитоор хэрэгжүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгснийг онцоллоо. Түүнчлэн олон талуудад JCM-ыг загвар төсөл, бодит жишээнээс суралцах, бусад улс орнуудын туршлагаас суралцах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар мэдлэг, ойлголт, чадавхыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэснийг дурдан, цаашид Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, улам олон хувийн хэвшлийг ногоон шилжилт рүү хөтөлж ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ.

С.Одонтуяа сайд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурлын үеэр Азербайжан улсын төв телевизид ярилцлага өглөө.


Тэрээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа COP29-д оролцож буй салбар салбарын төлөөлөл болсон Монгол залуучуудын төлөөлөлтэй уулзлаа. Залуучуудын зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сорилтуудыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Салбарын сайдын зүгээс уур амьсгалын өөрчлөлт бол бидний хойч үе хүүхэд, залуучуудын асуудал тул тэднийг оролцоог хангах нь ач холбогдолтой өндөртэй гэдгийг онцлоод Залуусын зөвлөл байгуулах саналыг дэвшүүллээ.