Тусгай хяналтын дэд хороо тодорхой шийдвэр гаргасангүй
-Тусгай хяналтын дэд хорооны хурлаар хэлэлцсэн асуудал юу байсан бэ?
-Харьяа зургаан байгууллагын үйл ажиллагаатай дараалан танилцах талаар ярилцлаа. Удирдамжийн дагуу хуваарьтай ажил эхэлсэн гэж ойлгож болно.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Авлигатай тэмцэх газрын удирдлагатай холбоотой зарим зүйлийг хянах тухай бичгийг танай дэд хороонд ирүүлсэн гэж дуулдаад байгаа. Энэ асуудлыг нягтлаагүй гэж үү?
-Хууль зүйн байнгын хороо гэлтгүй иргэд, бусад байнгын хорооноос Тусгай хяналтын дэд хороонд хаягласан олон бичиг ирсэн. Ажлын явц дунд эдгээр бичиг баримттай танилцана, шаардлагатай гэснийг нь тодруулж нягтална.
-Уг нь Хууль зүйн байнгын хорооны дарга Авлигатай тэмцэх газрын дарга нартай холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас шилжүүлсэн гэсэн. Асуудлыг шуурхай шийдэж нэг талд нь гаргах шаардлага байгаа шүү дээ?
-Ирсэн бичгүүдтэй холбоотой асуудлаар хуулийн дагуу хариулт өгнө.
-Тусгай хяналтын дэд хороо асуудлыг санаатайгаар удаашруулах гээд байгаа юм биш биз?
-Санаатай гацааж удаашруулсан зүйл байхгүй. Тэгээд ч хуульд төдийд өдийд хариуг өг гэж тогтоосон юм алга. Хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ.
-Тэгвэл Тусгай хяналтын дэд хороо ойрын хугацаанд дахин хуралдаж, энэ асуудлыг нэг тийш болгох шийдвэр гаргах юм байна гэж ойлгож болох уу?
-Тусгай хяналтын дэд хороо ямар нэгэн асуудлаар шийдвэр гаргахгүй. Зургаан байгууллагаараа орж байдалтай танилцсаны дараа тухайн хүмүүст хариулт өгнө.
-АТГ-ын удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргаагүй нь УИХ өөрөө буруутай гэж иргэд шүүмжилж байгаа. Шүүмжлэлийг та хүлээж авах уу?
-Тийм зүйл байхгүй боловуу. Хууль зүйн байнгын хороо хуульд заасан арван дөрөв хоногийн дотор асуудлыг хэлэлцээд эхэлсэн гэж мэдэгдсэн юм шүү дээ.
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг өмнө нь Хууль зүйн байнгын хороо гурван ч удаа авч хэлэлцээд, тодорхой шийдвэр гаргаж чадалгүй, Тусгай хяналтын дэд хороонд асуудлаа шилжүүлж, хаврын чуулганыг завсарлуулж байсан юм. Энэ удаад Тусгай хяналтын дэд хороо асуудлыг авч хэлэлцсэн ч мөн л тодорхой шийдвэр гаргалгүйгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцана гэсэн үгээр халхавч хийв.
Хэдийгээр эл асуудал нууцын зэрэглэлд хамаарах ч УИХ-ын бүтцийн байгууллагуудаас удаа дараа тодорхой шийдвэр гаргалгүй, цаг алдаж байгаа нь Улсын ерөнхий прокуророос гаргасан хүсэлтийг хүлээн авах сонирхолгүй байна уу гэсэн дүгнэлт хийхэд хүргэж буй юм.
Уг нь Улсын ерөнхий прокуророос Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай үндэслэлийг тун ч тодорхой гаргасан гэж хэлж болно. Тодруулбал, дээрх албан тушаалтнууд хууль бусаар ажилтнаа тагнаж чагнасны зэрэгцээ төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан гэсэн үндэслэл гаргаж тавьсан билээ.
Г.Дарь /Ардын эрх/