УИХ-ын гишүүн О.Саранчулууны томилолт ганзага дүүрэн ирэв
2024.11.22

УИХ-ын гишүүн О.Саранчулууны томилолт ганзага дүүрэн ирэв

УИХ-ын гишүүн О.Саранчулуун энэ сарын 2-16-ны өдрүүдэд АНУ-д томилолтоор ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар туршлага судалжээ.

Тэрбээр томилолтын эхний өдрүүдэд 4 дөрвөн өдөр үргэлжилдэг "GSA Conference-2024" буюу насжилт судлалын олон улсын томоохон хуралд оролцсон байна. Тухайн хурал нь чиглэл, сэдэв бүрээр хуваарийн дагуу илтгэл, хэлэлцүүлдэг арга хэмжээ юм.

О.Саранчулуун гишүүний хувьд "Psychological Well Being of the Older Adults and Some influencing Determinants" сэдэвт докторын судалгааны зорилтын 3 дахь үр дүнгээс илтгэл хэлэлцүүлсэн ажээ. Мөн тэрбээр маш олон эрдэмтэн, судлаачидтай уулзаж, санал бодлоо солилцсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа тэмдэглэсэн байв. 

Үргэлжлүүлэн АШУУИС-НЭМС-ийн хамтарсан LEND теслийн хүрээнд АНУ-ын Виржиниа мужийн төв Ричмонд хотын Виржиниа Коммонвелтийн Их Сургууль ВКИС)-тай танилцаж, уулзалт зохион байгуулжээ. 

Мөн тус сургуулийн Хөгжлийн бэрхшээлийн чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх сургалт хариуцсан удирдлагатай уулзаж, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийг дэмжих LEND теслийн Монгол дахь судалгаа, хэрэгжилттэй холбоотойгоор баг, судлаач, сургуулийн багийнхантай уулзаж, туршлага судлав.

LEND хөтөлбөрийн багийн зүгээс О.Саранчулуун гишүүнийг Монголоос ирсэн эксперт, нийгмийн нөлөөлөгчийн хувиар хийсэн ажлууд, одоо төлөвлөөд буй ажлуудынхаа тухай сургуулийн мэргэжилтэн, судлаач багш нарт танилцуулах санал тавьж, уулзалт зохион байгуулжээ. Мөн тэнд сурч буй монгол докторант, нийгмийн ажилтан нартай ярилцжээ.

Түүнчлэн тэрбээр АНУ дахь Монголын элчин сайдын яамаар зочилж, Элчин сайд О.Батбаяртай уулзжээ. Уулзалтаар АНУ дахь монголчуудын соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, иргэншлийн асуудал, хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр 2 улсын байгууллагуудтай харилцаа тогтоон хамтрах боломжийн талаар санал хэлэлцэж, богц дүүрэн томилолтоор явжээ.