Төсвийн зарлага 93 тэрбумаар нэмэгдэнэ
АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар 2011 оны төсвийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Тус намын бүлгээс төсвийн хуулийн төсөл дээр Д.Ганхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа билээ. Энэ ажлын хэсэг МАН-ын ажлын хэсэгтэй өчигдөр өнөөдөр гээд хоёр ч удаа уулзаж, зарим саналаа нэгтгэсэн байна.
Хоёр бүлгийн ажлын хэсгийн саналаар төсвийн зарлага 93 тэрбумаар нэмэгдхээр байгаа аж. Энэ нь 93 тэрбумд сар бүр хүүхдийн 10 мянган төгрөг өгөх, мөн ЖДҮ-ын дэмжих 150 сая гэх мэт, жижиг асуудлууд орсон байгаа гэнэ. Харин энэ 93 тэрбумын орлогыг нийгэмд доргилт багатай байлгах үүднээс уул уурхайн томоохон ордуудын гэрээний урьдчилгаа төлбөрт шингээхээр тооцжээ. Мөн бүлэг дээр төсвийн алдагдал 9,8 хувиас илүүгүй байх дээр санал нэгдсэн байна.
Хүний хөгжил сангаас ирэх жил иргэдэд 252 мянган төгрөгийн /сар бүр 21 мянга/ бэлэн мөнгөөр тараахаар болоод байгаа билээ. Үүнийг АН –ын бүлэг дээр яриад ингэж бэлэн мөнгө тараах нь инфляцийг өсгөх, зохимжгүй хэрэглээ үүсэж болох учир сонголттой олгохоор ярьсан байна. Энэ нь иргэд сар бүр 21 мянган төгрөгөө бэлнээр аваад байж болохоос гадна жилийн 252 мянган төгрөгийг бөөнөөр нь авч болдог байх аж. Тухайлбал Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авна гэвэл нэг доор 252 мянгаа авч болох гэнэ, тэгэхдээ иргэд нийлээд энэ мөнгө авч болох ба тухайлбал гэр бүлээрээ ч гэдэг юмуу авч боломжтой юм байна. АН-ын бүлэгийн энэ саналыг МАН-ын бүлэг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ.
Харин АН-ын бүлэг автомашины татварын нэмэх асуудлыг дэмжсэн байна.
О.Батзаяа