Ардчилсан нам ард түмнээсээ дахин уучлал гуйлаа
2010.09.10

Ардчилсан нам ард түмнээсээ дахин уучлал гуйлаа

an_01Монгол улсын түүхэнд хар толбо болон үлдсэн аймшигт он жилүүдийг ардаа үдээд өдгөө 70 жил өнгөрчээ. Монгол хүн бүрийн сэтгэлийн хөндүүр  болсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, амь насаараа хохирсон 37,500 хүн байгааг Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо олон жилийн судалгааны үр дүнд нэгтгэн гаргажээ. Энэ яргалалд хамгийн ихээр өртсөн нь лам хуврагууд бөгөөд нийтдээ 17 мянган лам хэлмэгдсэний 14 мянга нь өчиггүй цаазлагдсан байх жишээтэй. Бүр тодруулбал 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулжээ. 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алдсан байна.Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага хэд хэдэн хэргийг зохион байгуулж, үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж, 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд цаазаар авах ял ноогдуулж байсан байна. Энэ аймшигт хэлмэгдүүлэлт Монгол хүн бүрийн сэтгэлд эмзэг сэдэв болон үлдсэн төдийгүй бид, бидний хойч үе ч үүнийг марталгүй санаж байх учиртай юм.

 

Энэ явдлаас 56 жилийн дараа буюу 1996 онд Ардчилсан холбоо эвслийн засгийн газар анх удаагаа Монголын ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны түүх эхэлсэн бөгөөд өдгөө 20 жилтэйгээ золгож байна. Өнөөдөр  буюу 2010 оны 9-р сарын 9-ний өдөр тус холбооны 20 жилийнн ойн  хүндэтгэлийн хурал Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, МУТХХ-ны тэргүүн Д.Цогтбаатар, МУТТХ-ны тэргүүлэгч Ц.Лоохууз, ХБНГУ-ын Конрад Адейнауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Иоханнес Рей болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд,түүний гэр бүл, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.

 

Хурлын үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлмэгдүүлэлтэнд хар шуурганд өртөж, бие сэтгэлээрээ хохирч явсан хүмүүст хандан үг хэлсэн юм.

 

an_02Тэрээр хэлсэн үгэндээ “70 жилийн өмнө болсон улс төрийн их хэлмэгдүүлэлтэнд өртөж амь нас, бие сэтгэлээрээ хохирч аж төрөх, сурах боловсрох эрхээ хасуулж, хүнд хатууг туулж явсан настан буурлууд маань энд цугларсан байна. Энэ цуст яргалалын дүнд Монгол улс 37,475 иргэнээ зүй бусаар алдаж олон зүрх өнчирч хоцорсон билээ. Энэ тоо нь албан тоо хэдий ч саяханы нэгэн баримтаар барилгын ажил хийж байсан газраас лам нарын тархиндаа буудуулсан бүртгэлгүй цогцос олноор олдсон явдал нь энэ тоо үнэхээр үнэн гэдэгт эргэлзээг төрүүлж байгаа юм. Ингээд бодохлоор Монголчуудыг олноор нь хоморголон төлөвлөгөөтэй зохион байгуулсан энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар салхи Монголчууд бидний сэтгэл зүрхнээс, улс төрийн хилс хэрэгт өөрийн аав, ээж, ахан дүүсээ алдсан тэдгээр хүмүүсийн уй гашуу хэзээ ч арилашгүй юм. Ардчилсан нам 1996 онд Монголын ард түмнээсээ анх удаа төр засгийн хэмжээнд уучлалт гуйж байсан. Бид Ардчилсан хувьсгалыг хийж, манай нийгэм хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөт нийгэм болсон гэж бодож явсан. Гэтэл 2008 оны 7-р сарын 1-ний эмгэнэлт явдал Монголын ардчилал ямар эмзэг байгааг бидэнд харуулсан юм. Тиймээс Ардчилсан нам ийм эмгэнэлт явдлыг дахин гаргуулахгүйн  төлөө хичээж ажиллах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам засаг барилцаж байгаа улс төрийн хүчний хувьд ард түмнээсээ дахин дахин уучлал хүсье” гэсэн юм.

 

Монгол Улсын Их Хурлаас 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох” тухай хуулийг баталж, өнөөдрийн байдлаар 17,400 хүнийг цагаатгаж, 16.0 тэр бум төгрөгийн нөхөн олговорыг олгоод байгаа юм.

 

2010 оны 9-р сарын 10-ны өдөр бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Олон олон хүмүүс хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн, энэ аймшигт он жилүүдийг туулж өнгөрүүлсэн настан буурлуудаас үнэн бодит түүхийг дахин сонсоно. Хар дарсан зүүд шиг бие сэтгэлийн шаналант он жилүүд дахин хэзээ ч бүү тохиолдоосой билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.