2025 ОНЫГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ “ЭХ ОРОНЧ МОНГОЛ- ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
Батлан хамгаалахын сайдын 2025 оны эхний өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо. Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газруудын удирдлагууд оролцлоо.
Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ, Бид энэ 2025 оныг “ Эх оронч Монгол –Их сэргэлтийн жил” болгон зарлаж байна.
Ирэх жилүүдэд Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч, иргэд олон нийтэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилж, салбарынхаа нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо.Мөн өнгөрсөн оны амжилтаа бататгаж, энэ оны бодлого зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг батлан хамгаалах яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Сайд С.Бямбацогт бид энэ 2025 онд төсвийн урсгал зардлаа 34%, хөрөнгө оруулалтаа 4 дахин нэмэгдүүлж чадсан. Алба хаагчдынхаа ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН болон АЛСЛАГДСАН БҮСИЙН НЭМЭГДЭЛ-ийг шийдвэрлэсэн.
Харин энэ 2025 оны хувьд
Хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын хөтөлбөрийг шинэчилж англи хэл, компьютер, жолооны сургалтуудаа эхлүүлэн бодит үр дүнгээ үзэх чухал жил. Түүнээс гадна батлан хамгаалах, зэвсэгт хүчний нийт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэн тэргүүнд орон сууцжуулах бодлогын хүрээнд “ЯЛАЛТ ЦОГЦОЛБОР”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн батлан хамгаалах аж үйлдвэрлэлд анхаарч, энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 ДАХИН нэмэгдүүлсэн жил болно. Тиймээс салбарын хэмжээнд бодит үр дүн гаргаж ажиллах, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх, нийт ажилтан алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, дүрмийн бус харилцаа үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагын бүрэлдэхүүнд үүрэг болголоо.