Аялал жуулчлалын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
2010.09.27

Аялал жуулчлалын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нийт ажиллагсаддаа Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 27-нд “gansukh_00Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон нь өдгөө Монгол Улсад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тэмдэглэлт баяр болжээ.

Энэ удаагийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” сэдвийн дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж буй нь олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй хэрэг юм.

Монгол орны газарзүйн байрлал, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл нь хөгжлийн өндөр хурд, аж үйлдвэрийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйл байсан бол шинэ мянганд аялал жуулчлал хөгжүүлэх боломж, давуу тал болж байна. Түүх, соёлын баялаг өв, онгон төрхөөрөө хадгалагдсан байгаль, түүнтэйгээ зохицсон нүүдэлчин ахуйн өвөрмөц хэв маяг маань жуулчдын сонирхол татах болсноор зочлох үйлчилгээний салбарын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бодлого, эрхзүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн дүнд жуулчдын тоо 2010 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар нэмэгдэж 315 мянгад хүрээд байна.

Валютын нөөц, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх эх үүсвэр, байгаль орчин хамгаалах арга зам, дэлхийн орнуудын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар болон хөгжиж байгаа “утаагүй үйлдвэрлэл” хэмээн нэрлэгддэг аялал жуулчлалын салбар Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол багана байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нийт ажиллагсад, бидэнтэй хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүст Дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярын мэндийг дахин хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.