Л.Энх-Амгалан: Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан
2025.01.07

Л.Энх-Амгалан: Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа. Тодруулбал, ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан.

Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдсанаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах юм. Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээ болон гадаадад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгасан байгаа” гэв.