Ойрын гурван жилд Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барина
2010.09.28

Ойрын гурван жилд Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барина

Social List Bookmarking Widget УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы “Марубени”, “Тоёо инженеринг” корпорацын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. demberel_dddddddddddmn

Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх үндсэн гэрээнд Японы “Тоёо инженеринг”, “Марубени” корпорац болон “Монголсэкию” компанийн төлөөлөгчид өнөө өглөө гарын үсэг зуржээ. Энэ тухайгаа Японы төлөөлөгчид УИХ-ын даргад дуулгаж, уг төслийн талаар танилцуулав. Японы талын оролцоотойгоор Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсанд УИХ-ын дарга баяр хүргээд “Манай оронд одоогоор газрын тосны баялаг биш ч гэлээ зохих хэмжээний нөөц илрээд байгаа. Саяхан би газрын тосны гол нөөц бүхий Тамсагийн сав нутагт очиж олборлолтын ажилтай танилцаад ирлээ. УИХ, Засгийн газар өөрийн оронд газрын тос боловсруулах үйлдвэр барьж гаднаас түүхий тос авч боловсруулах замаар дотоодын хэрэгцээг хангах зорилт тавьж байгаа. Энэ үндсэн дээр ийм үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Иймээс та бүхэн Монголын талтай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэр барихаар гэрээ байгуулсан нь УИХ-аас баталсан Засгийн газрын хөтөлбөр бодитойгоор хэрэгжих чухал алхам болсонд талархалтай байна” гээд үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг сайн боловсруулж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах талаар анхаарахыг зөвлөв. Мөн эл үйлдвэр ашиглалтад орсноор гадны нөлөөгөөр үе үе гардаг шатахууны үнийн нөлөөллийг багасгах, улмаар төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн тус нэмэртэйг онцлоод УИХ эдийн засгийн томоохон үр ашигтай төсөлд Засгийн газраас хөрөнгийн баталгаа гаргахтай холбогдсон хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж буйг дурьдлаа. “Марубени” корпорацын Эрчим хүч, химийн үйлдвэрийн газрын дарга Эйжи Окада “Сүүлийн үед Японы Засгийн газар зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй үйл ажиллагааг жигд явуулах, түүхий эд нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үздэг болсон. Иймээс бид үйлдвэрийн барилгын ажлыг хугацаанд нь эхлүүлж, удаан жил найдвартай ажиллах, орчин үеийн үйлдвэр байгуулан түүхий тос нийлүүлэх талаар хариуцлагатай ажиллах болно” гэлээ.

Мөн газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Монголын талтай хамтран ажиллах бодолтой байгаагаа хэллээ. Хоёр улсын Засгийн газрын болон хувийн компаниудын оролцоотой хэрэгжүүлэх энэхүү төслийн дагуу Дархан-Уул аймагт хоногт 44 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг 2011 онд эхэлж, гурван жилийн дотор ашиглалтад оруулах юм байна. Нийтдээ 600 сая ам.долларын хөрөнгөөр баригдах эл үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг Японы Засгийн газрын банк, Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр боловсруулж бэлэн болгожээ.

Энэхүү үйлдвэрийг байгуулснаар манай хоёр орны түншийн харилцааг шинэ шатанд гаргах талаар хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын 2007 оны хоёрдугаар сарын 26-нд Токио хотноо гарын үсэг зурж баталгаажуулсан “Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн Үндсэн хөтөлбөр”-ийг Засгийн газрын болон хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон төсөл, арга хэмжээ болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.