Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж бус хүртээмж нэн чухал
Ардчилсан нийгмийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө. Тиймээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламенттай болоосой гэж хүсдэг. Энэ утгаараа гишүүнээр ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах гол зарчим бол нэгдүгээрт, хүний эрх, хоёрдугаарт, шударга нээлттэй байх. Өнгөрсөн хугацаанд парламент яг ямар зарчим баримталж буй нь ойлгомжгүйн дээр зарим талаараа иргэдэд хаалттай байсан нь нууц биш. Хаалттай болгоны цаана "хардалт, сэрдалт" явж байдаг. Харин нээлттэй хэлэлцэж байгаа энэ тохиолдолд "хардалт, сэрдалт" байхгүй гэж бодож байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг. Монгол Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 7 хүн нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Харин ес дэх удаагийн парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр төлөөлөл орж ирсний нэг нь миний бие. Тэгэхээр Ж.Баясгалан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх "гүүр" нь гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ярина гэсэн үг биш. Бизнес, хууль эрхзүй, барилга хот байгуулалт гэхчлэн бүхий л салбарын хууль тогтоох процесст орж ажиллана гэсэн үг.
Нэгдүгээрт, Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 880 гаруй хууль бий. Гэсэн ч эдгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Түүнчлэн Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль яриад л болчихдог юм биш. Үүний цаана нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн тухай хууль, саадгүй байдал, хүртээмж зэрэг одоо ба өмнө нь яригдаж байсан хууль эрх зүйн бодлогын шийдлүүд хамт дагалдана. Тийм учраас уялдаа холбоог нь харах хэрэгтэй болчхоод байгаа юм. Иймд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ажлын хэсгийн гишүүдийн тоонд миний бие багтан ажиллаж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад асаргааны эрх зүйн тухай асуудал хоцрогдчихсон. Огт байхгүй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ярьдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүний тухай хэзээ ч ярьдаггүй.
Монгол Улс асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хийх шаардлагатай!
Гуравдугаарт, Монгол Улсад 397 мянган ахмад настан байна. Эдгээр ахмадуудын талаар ярьдаг авч тэднийг асарч буй үр хүүхэд, асрамжийн газар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тухай асуудлыг орхигдуулсан. Энэ хүрээнд, УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Ингэхдээ асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлыг хийснээр ирэх хаврын чуулганаар анхдагч хууль болон гарна. Монгол Улс түүхэндээ асаргааны тухай хуультай байгаагүй. Харин хууль болгонд заалт байсан ч хангалтгүй хэмжээнд байсныг хэлэх нь зүйтэй. Нэг ёсондоо, дээрх ажлуудын эхнийх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарна, удаах нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус дөнгөж төрсөн эхчүүд, асрах газар буй хүүхэд, насанд хүрэгчид, өндөр настнууд цаашлаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хамаарах хуулийн төсөл юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан:
126 гишүүнээс бүрдсэн энэ удаагийн парламентад сэтгэл хангалуун байгаагаа хэлэх нь зүйтэй. Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 78 гишүүнийг сонгож, 48 хүн намын жагсаалтаар төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болсон нь энэ удаагийн сонгуулийн онцлог, давуу тал байсан. Багш, эмч, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн олон төлөөлөл парламентад суух болсон нь төлөөллийн зарчим хангагдаж буйн тод жишээ.
Бид парламентын гишүүн болохоосоо өмнө бүгд л зурагт болон хэвлэлээр УИХ-ын үйл ажиллагааг үзэж, харж байсан. Өнгөрсөн хугацаанд намуудын эрх ашиг давамгайлсан, нам хоорондын тэмцэл л явагдаж байсныг хэн хэнгүй л мэдэж байгаа. Харин нийгмийн олон төлөөлөл орж ирснээр НАМ бус АСУУДАЛ ярьж эхэлж байгаа нь сайшаалтай.
Миний хувьд хүнд хэлбэрийн буюу нугасны бэртэлтэй тэргэнцэртэй иргэн. Хууль тогтоох дээд байгууллага өөрсдийн тогтоосон хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн хамгийн тод илрэл бол хүртээмжийн тухай асуудал. Би зөвхөн тэрэгний тусгай хэрэгцээтэй хүн. Надад тэрэг хэрэгтэй. Түүнээс биш би хөгжилд саад болж байгаа иргэн биш. Эсвэл хөгжих боломжгүй, хөгжиж болдоггүй ч иргэн биш. Өнгөрсөн хугацаанд, хууль тогтоох дээд байгууллага буюу Төрийн ордон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүртээмжгүйн дээр дэд бүтэцгүй явж ирсэн. Тодруулбал, налуу шат байгаагүйн улмаас гишүүнийхээ үнэмлэхийг тайзнаас бус заалнаас, шинэ гишүүнийхээ тангаргийг индэр дээрээс бус индрийн урд хэсгээс хэлсэн.
Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буйн хамгийн том жишээг үүнээс харж болохоор. УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөс хойш хоёр хоногийн дараа АНУ-ын тусгаар тогтнолын баярын хүлээн авалтад оролцоход олон орны Элчин сайд ирж "Азийн парламентад тэр дундаа Монголын парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирсэн нь өөр үзэгдэл, өнцөг байна. Бид маш их баяртай байна. Гэхдээ .... “Бид ч бас таныг индэр дээр гараасай гэж хүссэн" гэж хэлсэн. Энэ нь хүртээмжийн асуудлаас болж хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, тэгш эрхийн боломж хэрхэн ялгамжтай байдал бий болгож байгааг харуулсан үйл явц. Нөгөө талдаа энэ бол зөвхөн иргэн Ж.Баясгалангийн тухай асуудал огт биш.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил Төрийн ордонтойгоо танилцахад нээлттэй байх ёстой. Хууль тогтоох дээд байгууллага нь өөрөө хуулиа ягштал мөрдөхгүйгээр бусдаас шаардах нь утгагүй хэрэг. Гурван намын хамтарсан мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бүтэн "бүлэг” орж ирсэн. Үүн дээр өмнө нь байгаагүй нэг зүйлийг тусгуулж чадсан. Тухайлбал, хүртээмжийн стандарт дээр өмнө орон сууц, хувийн хэвшил, үзвэр үйлчилгээний газрууд л гэж байсан дээр "албан газар" гэх үг нэмэгдсэн. Энэ мэтчилэн нийгмийн олон талын төлөөллүүд орж ирснээр асуудлыг соргогоор харах нөхцөл бүрдсэн. Нэг ёсондоо, тэргэнцэртэй иргэн Төрийн ордонд орж ирснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг жижиг гэлтгүй бэрхшээлийг УИХ-ын гишүүд маань өдөр тутамдаа мэдэрч, хажуугаас харж байгаа нь давуу юм. Үүний сацуу ямар ч асуудал хөндөж тавьсан маш хүндэтгэлтэйгээр хандаж байх жишээний.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn