Ирэх оны улсын төсөв, төрийн мөнгөний бодлогын төслийг өргөн барилаа
2010.09.30

Ирэх оны улсын төсөв, төрийн мөнгөний бодлогын төслийг өргөн барилаа

Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг Засгийн газрbayartsogt_huuliын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр 17.00 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Эдгээр хуулийн төслийг УИХ-ын хаврын чууулганаар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу боловсруулан өргөн барьж буйгаараа онцлогтой юм.  Ирэх онд улсын нэгдсэн төсвийн орлогыг гурван их наяд 56.8 тэрбум, төсвийн нийт зарлага гурван их наяд 250.7 тэрбум, нэгдсэн төсвийн нийт алдагдал 193.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь байхаар төсөлд тусгалаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ирэх оны төсөвт зэс, нүүрсний үнийн төсөөллийг тооцсоны үндсэн дээр Тогтворжуулалтын санд ойролцоогоор 164.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Мөн төсвийн байгууллагын урсгал зардлыг бууруулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж аймаг бүрт 560 сая, нийслэлд 24 тэрбум төгрөгийн төсөв нэмж олгохоор тусгаснаа Сангийн сайд дурьдлаа. Түүнчлэн ирэх онд иргэн бүрт сард 21 мянган төгрөг бэлнээр олгохоос гадна оюутнуудын сургалтын төлбөр, иргэдийн нийгмийн даатгал, малчдын банкны зээлийн хүү зэрэгт тодорхой хөрөнгө тусгаснаа хэллээ.

 

Мөн тэрбээр Төрийн албан хаагчдын цалингийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг энэ оны аравдугаар сарын 1-ээс 30 хувиар нэмэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусганыг УИХ дэмжсэн билээ. Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан тул гурван тал хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын цалингийн хэмжээг аравдугаар сарын 1-ээс 30 хувиар нэмэхээр ийм тогтоолын төсөл боловсруулсан байна.

 

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж Төрөөс 2011 онд мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийн талаархи бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

 

Гадаад зах зээлийн орчин сайжирч, Монголбанк, Засгийн газраас хямралыг даван туулах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгснөөр манай эдийн засаг хямралаас үндсэндээ гарч, 2010 оны эхний хагаст таван хувиар өсч, оны эцэст 7.5 хувийн өсөлттэй байх урьдчилсан гүйцэтгэлтэй байгааг Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад танилцуулаад ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, дунд болон урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэгдэж байгааг онцлов.

 

Төв банк ирэх онд дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй, эдийн засгийн хямралд өртөмтгий эмзэг байдалд хүргэхгүй байх, хямралыг сөрөх чадавхи бий болгох зорилгоор макро эдийн засгийн болон санхүүгийн салбарт эрүүл, зохистой байдлын шинжилгээ хийж, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлд нийцэж уян хатан тогтох зарчим баримталж байгааг тэрбээр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.