Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах анхны өдөрлөг Орхон аймагт амжилттай боллоо
2010.10.01

Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах анхны өдөрлөг Орхон аймагт амжилттай боллоо

Орхончууд 9 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлаар амьсгалж өнжлөө. Энэ өдөр УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг тус аймагт зохион байгуулсан юм. Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан УИХ, УИХ-ын Тамгын газраас олон хэлбэрийн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь Орхон аймorhon_uih_01агт хийсэн энэхүү өдөрлөгийн арга хэмжээ байлаа. УИХ-ын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгийн арга хэмжээг УИХ-ын Тамгын газраас анх удаа зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалтын нүүр царай болсон Эрдэнэт хотоос эхэлсэн нь ч бас онцлогтой.

 

Энэ өдөр Орхончууд байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөн 20 жилийн түүхтэй танилцан, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар мэдээлэл авч, УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж буй Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төсвийн тухай хуулийн төслийн талаархи нээлттэй хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо илэрхийлсэн. Түүнчлэн иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдтэйгээ уулзан, тэдний хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо болоод бусад ажлын  мэдээлэлтэй танилцав. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаархи санал асуулгад оролцож, УИХ-ын үйл ажиллагааны талаар санал, хүсэлтээ ч уламжилсан.

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өдөрлөгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжөөд 20 жилийн нүүрийг үзэж байна. Өнөөдөр УИХ гэдэг үгтэй хамааралгүй олон нийт, ард иргэд гэж үгүй бөгөөд нийт улсын хэмжээнд дагаж мөрдөх хууль, эрх зүйн баримт бичгийг хэлэлцэн баталж байдаг, сонгогчдын төлөөлөл болон гарч ирсэн УИХ-ын 76 гишүүнээс хувь хүний амьдрал, улс орны хувь заяа ихээхэн хамаарч байдаг гэж ойлгож болно. Асуудлыг хамтдаа ил тод хэлэлцэн, буруу зөвийг шүүн тунгааж байдаг ардчилсан нээлттэй байгууллага бол УИХ. Энэ утгаар УИХ-ыг иргэний ардчилсан нийгэм дэх төлөөллийн байгууллага ч гэж нэрлэдэг. Эрдэнэтчүүд та бүхэн өдөрлөгийн үеэр ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах төрийн тулгуур багана болсон УИХ-ын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэж авна гэж найдаж байна” гэлээ. Орхон аймгийн ИТХ-ын дарга К.Даулетбай, “Монгол Улс парламентын засаглалын хэлбэрийг сонгож, Үндсэн хуулиараа баталгаажуулан, байнгын ажиллагаатай УИХ-ыг байгуулан ажилласнаас хойш 20 жил болжээ. Энэхүү ойн босгон дээр УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах ажлыг манай аймагт зохион байгуулж буйд Орхончуудынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийье.Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож буй иргэд та бүхэн санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, хүссэн мэдээллээ авна гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм. Үүний дараа Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Одхүү нар тойрогтоо хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

 

orhon_uih_02УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эрдэнэт хотыг жишиг хот болгож иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүл тайван, ая тухтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон “Шинэ хот, Шинэ боловсрол, Шинэ сууц, Ажлын шинэ байр” гэсэн дөрвөн цогц зорилтыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан гаргажээ. Тэрбээр уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болооод хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг хангах үүднээс УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод Жижиг, дунд үйлдвэрийн дэд хороо, ажлын хэсгүүдэд ажиллан төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг  жил бүрийн улсын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, УИХ, Засгийн газрын шийдвэрт тусгуулан хэрэгжүүлж байна хэмээн мэдээлсэн.Эрхэм гишүүн Эрдэнэт хотын 4, 5, 10, 17 дугаар цэцэрлэгийн сантехник, дээврийн болоод их засварын хөрөнгийг шийдсэн бөгөөд гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх, оршин суугчдын орчин нөхцөлийг сайжруулахад 3.2 тэрбум, цэвэр усаар хангахад 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Тус аймгийн Их Залуу багт 140 хүүхдийн цэцэрлэг бариулсан байна. Хятадын нэр хүнд бүхий “Бээжин констракшн” ХК-тай хамтран “Шинэ орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гээд олон ажлыг хийж байгаад сонгогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан.

 

УИХ-ын гишүүн Д.Одхүүг тойрогтоо улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж чадсан хүн гэж Орхончууд үнэлдэг юм байна. Д.Одхүү гишүүний санаачилгаар баригдаж байгаа Хүүхдийн ордны барилгын дотоод заслийн ажил өдгөө 80 гаруй хувьтай явж буй ажээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Орхон аймагт ажиллахдаа Дэнж багт баригдаж дууссан 40 ортой ахмадын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Нийт 20 өрөөтэй уг эмнэлгийн өрөө бүр ариун цэврийн өрөөтэйгөөс гадна интернэт, кабелийн сүлжээг хүртэл суурилуулсан юм байна. Энэ эмнэлэг 600 сая төгрөгийн өртөгтэй боссон ажээ.

Өдөрлөгийн нээлтийн дараа УИХ-ын гишүүн Д.Одхүү “Эдийн засгийн хөгжлийн бүс” сэдвээр ШУТИС-ийн харьяа Орхон аймгийн Технологийн сургуулийн оюутнуудад илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэт хотын хөгжлийн ирээдүй сэдвээр МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд илтгэл тавьж, санал солилцсон.

УИХ-ын Тамгын газрын Эрхзүй, хууль тогтоомжийн хэлтэс, Байнгын хороодын ажлын албанаас зохион байгуулсан хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг иргэдийн сонирхлыг ихэд татсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газар, эмнэлгүүдийн удирдлага, эмч нар, иргэд идэвхтэй оролцсон.

Эдийн засгийн шилжилтийн үед нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон өөрчлөлтийн нэг нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинээр нэвтрүүлсэн явдал юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд нийт хүн амын 80 гаруй хувь нь хамрагдаж, даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн улмаас учирсан санхүүгийн эрсдэлийг бууруулахад зохих хувь нэмэр оруулж иржээ.

 

Улсын хэмжээний эрүүл мэндийн зардлын тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сан хариуцаж ирсэн боловч даатгалын тусламж, үйлчилгээний хүрээ хязгаарлагдмал байгаагаас даатгуулагч эрсдэл /өвчлөл/-д өртөх үедээ өөрт шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэж чадахгүй нөхцөл байдалд хүрч байгаа аж. Тухайлбал, даатгуулагчийн хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа боловч өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлын дийлэнх хувийг санхүүжүүлдэггүй учир эдгээр төрлийн тусламж үйлчилгээний төлбөрийг даатгуулагч өөрөө төлөх тогтолцоо байсаар байна. Энэ нь нэг талаас даатгуулагчийн хувьд гэрээр болон амбулаториор өндөр өртөгтэй үйлчлүүлэхийн оронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж даатгалын үр шимийг хүртэх, нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын хувьд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх замаар даатгалын сангаас санхүүжилт авах сонирхлыг нэмэгдүүлэх хөшүүрэг болжээ.

orhon_uih_03Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн одоогийн тогтолцоо нь   хэвтэн эмчлүүлэх чиглэлээр хамрагдалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, даатгалын тусламж, үйлчилгээний чанарт нөлөө үзүүлж чадахгүй байна.  Иймээс улсын эрүүл мэндийн байгууллагуудын төсвөөс болон даатгалын сангаас авсан санхүүжилтээр үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарт тавих хяналт сул, даатгалын байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах чадавхи хязгаарлагдмал байна.

Ийнхүү эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, төлбөртэй үйлчилгээний хүрээ нэмэгдэж байгаа зэрэг нь даатгуулагчийн зүгээс эрүүл мэндийн даатгалд үл итгэх хандлагыг бий болгож сэтгэл ханамжийг нь бууруулж эхэлжээ.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрүүл мэндийн даатгалын зарчим, эрүүл мэндийн даатгалын болон шимтгэлийг нь төр хариуцах иргэдийн хамрах хүрээг нарийвчлан тодорхойлж, зорилтот бүлэгт чиглүүлэх, даатгуулагчийн эрх үүрэг, даатгалын байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг шинэчлэн тодорхойлох, эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, байцаагчийн эрх үүрэг, хариуцлага, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн байгууллагын эрх үүргийг тогтоохтой холбогдсон  эрх зүйн харилцааг зохицуулахаар тусгажээ.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд даатгуулагчийн бүлгийг шимтгэл төлөх чадвараар нь тодорхойлох, төрөөс шимтгэлийг нь хариуцан төлөх даатгуулагчийн хүрээг оновчтой тодорхойлох, төлөх шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх, үүргийг нарийвчлан зааж, эрхийг хангах талаар нарийвчлан тусгасан байна. Мөн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг өргөжүүлж, нэр, төрөл, хэлбэрээр нь тодорхойлох, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох, эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгах замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг идэвхитэй худалдан авагч болгон бэхжүүлэх талаар ч зохицуулалтыг тусгасан ажээ.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалж, ядуурлыг бууруулна гэж тооцож байгаа юм байна. Түүнчлэн эмнэлгийн шаардлагагүй хэвтэлтийн тоо цөөрч, зардлыг хэмнэж, даатгуулагчдад учирсан эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой бусад эрсдлийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэх аж.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын болоод нэгдсэн эмнэлгийн удирдлага эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэгдэж байсан Тэд, эрүүл мэндийн байгууллагууд хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хэмээгээд энэ нь эмнэлгүүдэд хөрөнгө дутагдалтай байдаг, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарласан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй учраас чанаргүй, бас үнэ хүндгүй байна гэж тэд үздэг байна. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тэгшитгэснээс өндөр шимтгэл төлсөн даатгуулагч хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байна гэж тэд хэлж байсан. Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ажилчид, албан хаагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлд жилд 10-11 тэрбум төгрөг төлдөг ч түүнийх нь 10 хувь хүрэхгүй үгүйтэй мөнгө даатгалаас эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт болон орж ирдэг гэнэ. Цалингаасаа өндөр шимтгэл төлсөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид гэх мэт даатгуулагчид гаднаас эм тариагаа аван үйлчлүүлж байгаадаа сэтгэл дундуур байдаг талаар тэд ярьж байсан.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өрхийн эмнэлгийн талаар үг, өгүүлбэр ч алга хэмээн “гомдоллосон”. Эмнэлгийн анхан шатны үйлчилгээний 70-80 хувийг үзүүлпдэг өрхийн эмнэлгийн чанар хүртээмж муу байгаа нь даатгалаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүйтэй холбоотой гэж тэд тайлбарласан. Боломжийн санхүүжилттэй бол өрхийн эмнэлгийн хүртээмж, чанар сайжирч, нэгдсэн эмнэлгийн орны ачаалал багасна гэж тэд үзэж байгаа юм. Иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол ажлыг хийдэг өрхийн эмнэлгийн талаар хуульд тодорхой заалт оруулж өгөхийг Орхон аймгийн эрүүл мэндийн газрын болоод эмнэлгийн удирдлага хүсч байсан.

Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Одхүү нар болоод УИХ-ын Тамгын газрын удирдлага аймгийн төрийн захиргааны байгууллагын төлөөлөлтэй уулзан санал бодлоо солилцсон.

 

Өдөрлөгийн үеэр УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг өгсөн бөгөөд санал, гоммдлыг хүлээн авах ажлыг ч зохион байгуулсан. Өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Орхон аймгийн ИТХ-ын дарга К.Даулетбай, аймгийн Засаг дарга Д.Оюунбат болоод албаны бусад хүмүүст талархал илэрхийлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.