2010.10.01

Шүлхий өвчний эсрэг 347 сая нэмж зарцуулна

Засгийн газрын ээлжит бус хурал 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг авах арга хэмээний талаар хэлэлцэн 347 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэв.

 

Энэ дагуу Дорнод аймагт ариутгал, халдваргүйтгэл хийх зориулалт бүхий 5 тонны “ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэс, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэст “УАЗ 31512” маркийн автомашин тус бүр нэгийг Улсын нөөцөөс олгож, шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсооход шаардлагатай 250 сая төгрөгийг дээрх хоёр аймагт шилжүүллээ.

 

Халдваргүйжүүлэлтэд хэрэглэх ариутгалын бодисыг Сүхбаатар аймгийн Бичигт, Дорнод аймгийн Өвдөг Баянхошууны хилийн боомтоор 2010 оны 10 дугаар сарын  01-нээс 2010 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд хилээр оруулах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт даалгалаа.

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан. Сүхбаатар, Дорнод аймгийн 14 суманд энэ өвчин тархаж 16 564 мал өвчилснөөс 16 169 малыг устгаад байна. Шүлхий өвчний эсрэг 1450 орчим хүн 300 гаруй техник хэрэгсэл ашиглан устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт хяналтын 42, хөдөлгөөнт 135 постонд ажиллаж байгаа юм.

 

2010 оны 9 дүгээр сарын 27-ноос эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын нийт 116 мянга орчим толгой малыг вакцинжуулаад байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас энэ сарын 10-ны өдөр ирэх нэг сая тун вакциныг дээрх хоёр аймаг болон хил залгаа аймгууд, Улаанбаатар хотын малыг  вакцинжуулахад зарцуулна.

Сүхбаатар, Дорнод аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.