2010.10.11

Монгол улс, Европын холбооны хамтарсан хорооны ээлжит хуралдаан болно

Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны ээлжит XIII хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд ГХЯ-нд болно. Хамтарсан хорооны хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 11-нд эхлэх бөгөөд уг хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан Хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболд, Европын комиссын Гадаад харилцааны Ерөнхий газрын Монголын хэлтсийн дарга Ф.Жессен нар тэргүүлнэ.

 

Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцохоос гадна тодорхой салбаруудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, энэ чиглэлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, тодорхой төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах төдийгүй Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулахаар ажиллаж буй Түншлэл, Хамтын ажиллагааны Хэлэлцээрийн явцын талаар санал солилцох юм байна.

 

Хамтарсан хорооны хуралдааны үеэр Монгол Улс, Европын Холбооны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын дэд хорооны хуралдаан мөн болж, хоёр талын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар хэлэлцэх аж. 

Монгол Улс, Европын Холбооны хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны 12 дугаар хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ГХЯ-нд болно.

Хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэргүүтэй ГХЯ, ЭБЭХЯ, БОАЖЯ-ны төлөөлөгчид,  Европын Холбооны /ЕХ/ талаас Европын Комиссын /ЕК/ Худалдааны Ерөнхий газрын хэлтсийн дэд дарга А.Паренти тэргүүтэй ЕК болон  Бээжин дэхь ЕК-ын Төлөөлөгчийн газрууд ажилтнууд оролцоно.

Дэд хорооны хуралдаанаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Монгол Улсын аж үйлдвэр, уул уурхай, эрдэс баялаг, аялал жуулчлалын  салбарын хөгжил, ЕХ-той хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар мэдээлэл, санал солилцоно.

Монгол Улс, ЕХ-ны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар явагдаж буй хэлэлцээний явц, үр дүн, цаашдын алхмын  талаар хоёр тал байр сууриа илэрхийлнэ.

Түүнчлэн ЕК-ын төлөөлөгч түүхий эдийн худалдааны асуудлаар ЕХ-ны хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлнэ.

Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасах чиглэлээр ЕК-оос хэрэгжүүлж буй арга хэмжээ, процедурын талаар ЕК-ийн төлөөлөгчид мөн мэдээлэл хийнэ.

Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны 12 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар энэ өдрийн үдээс хойш болох Монгол-ЕХ-ны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд танилцуулж, эл Хуралдаанаас гарах баримт бичиг болох Хамтарсан мэдэгдэлд тусгах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.