Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийн биеийн байдал сайнгүй учраас эмнэлэгт хүргэгдлээ
2025.01.27

Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийн биеийн байдал сайнгүй учраас эмнэлэгт хүргэгдлээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл мэргэжил нэгт эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар өнөөдөр Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уулзжээ.

Ж.Чинбүрэн гишүүн хэлэхдээ “Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ. Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм. П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм.

Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана. П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна, баярлалаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.