Эмнэлгийн үйлчилгээ авалгүй даатгалаа төлдөг хүмүүст урамшуулал олгох хэрэгтэй гэлээ
2010.10.12

Эмнэлгийн үйлчилгээ авалгүй даатгалаа төлдөг хүмүүст урамшуулал олгох хэрэгтэй гэлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнbh_tbbө хуралдаж Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын төслийн шинэчилсэн найруулга болон Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох, тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

Эрүүл мэндийн тухай хуулийг анх 1998 онд баталж дагаж мөрдсөнөөс хойш 2002,2006, 2009 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгаа боловч зарим хүндрэл бэрхшээл гарч байгаа аж.

Хуралдаанд оролцсон гишүүд эмнэлгийн ажилтны эрх үүрэг, нийгмийн баталгааны асуудал болон хөдөө орон нутагт дутагдалтай байгаа анхан шатны болон ялангуяа хүүхдийн эмч хүрэлцээгүй байгаа асуудалд анхаарах хэрэгтэй гэж байлаа. Мөн нэг өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний тоо 6 мянгаас доошгүй байгааг эргэн харах, сумын эрүүл мэндийн төв нь тухайн сумын хүн амын тоо, байршлаас хамааран багийн эмчийн салбартай байж болно гэснийг тодотгох хэрэгтэйг хэлж байв. Харин Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад П.Алтангэрэл гишүүн даатгалт хамрагдах бүлэгт ямар хүмүүс багтах талаар тодруулсан.

Мөн З.Алтай гишүүн, татварын байцаагч нарын тоог багасгаж нэг л байцаагчтай байх нь оновчтой. Эрүүл мэндийн даатгалын татвараа төлсөн хэрнээ эрүүл мэндээ өөрсдөө анхаараад, эмнэлэгээр үйлчлүүлдэггүй хүмүүс асар их хэмжээний төлбөр төлдөг. Даатгалд хамрагддаггүй хүмүүс хүний төлсөн мөнгөөр эмнэлгийн үйлчилгээ авч байгаа нь шударга биш. Иймд эмнэлгийн үйлчилгээ авалгүй төлбөрөө төлөөд явдаг хүмүүст ямар нэг урамшууллын хэлбэр тогтоож болдоггүй юм уу гэж байлаа. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй хүн гэж байхгүй. Монгол улсын иргэн бүр хамрагдана. Харин хуулийн төсөлд даатгал төлдөг хэлбэр нь өөр өөр байгаа. Төр хариуцдаг даатгал, байгууллагаас төлөх даатгал, иргэн даатгалаа төлөх гэх мэтээр тодотгож өгсөн. 2009 онд төрөөс даатгалыг нь хариуцдаг иргэд эрүүл мэндийн даатгалын сангийн 11 хувийг эзэлж байсан. Жишээ нь зургаан мянган төгрөг жилд төлөөд 200 мянгаар эмнэлэгийн үйлчилгээ аваад гардаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тэгш үйлчилгээ хэрэгтэй байгаа юм гэсэн хариултыг Эрүүл мэндийн сайд өглөө. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 100 хувь дэмжлээ. Хуралдааны эцэст Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох, тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Референт Б.Янжинлхам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.