Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тусад нь авч үздэгийг байнгын хорооны гишүүд шүүмжиллээ
Төрийн албаны тухай хуульд аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар заасан байдаг. Гэтэл уг хуулийн 15 дугаар зүйлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох” гэж заасан байхад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тухайн Хурлын төлөөлөгч байж болно” гэсэн заалт хэвээр мөрдөгдөж байгаа.
Мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн ерөнхийлөн захирагч, харин туханй шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Хурлын төсвийн ерөнхий менежер байхаар, ерөнхий менежер нь байгууллагын балансад байгаа хөрөнгийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах бүрэн эрхтэй байхаар хуульчилсан байна. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын дарга захиран зарцуулна” гэж заасан нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна гэж эрхэм гишүүд үзээд хуулийг нэг мөр ойлголттойгоор хэрэгжүүлэх үүднээс ийм хуулийн төсөл санаачилжээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхи нь эдгээр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулав.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшнээс гурав дахин өсгөхөөр тусганыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг энэ оны аравдугаар сарын 1-ээс 30 хувиар нэмээд байгаа билээ. Харин одоо мөрдөж буй хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалингийн хэмжээг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэдэг. Энэ үүднээс Засгийн газраас “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулж өргөн бариад байгаа юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн Д.Дондог: төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ зарим ангиллын цалинг тусад нь салгаж авч УИХ дээр ярихгүйгээр төрийн бүх ангиллын албан хаагчид адилхан хамаардаг тийм хэлбэрийг сонгож авах нь зохимжтой биш үү,
Ц.Мөнх-Оргил: цалинг ялгавартайгаар нэмэх замаар зөрүүг багасгах арга хэмжээ яагаад авахгүй байгааг төсөл санаачлагч болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны холбогдох албан тушаалтнуудаас лавлаж тодруулав. Мөн гишүүн Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг нар Засгийн газар төрийн албан хаагчдыг өндөр албан тушаалтан, жирийн албан хаагч гэж ялгаварлахгүйгээр цалингийн нэг стандарттай болж тодорхой итгэлцүүр тогтоож нэмдэг болох, түүнчлэн цалин нэмэхийг урьдчилан зарлаж үнэ хөөрөгддөг, хувийн хэвшлийнхнийг чирдэг явдлыг зогсоох нь зүйтэй гээд төрийн өндөр албан тушаалтны цалин нэмэх асуудлыг тусад нь авч ярьдгийг болихын тулд хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдэхгүй өдий хүрснийг шүүмжиллээ.
Гишүүдийн саналын дагуу байнгын хорооны хуралдааны протоколыг Засгийн газарт хүргүүлж, хуулинд зохицуулалт хийх чиглэл өгье, гишүүд ч хуулийн төсөл санаачлах замаар асуудлыг шийдэж болох юм гэдгээ байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин хэллээ.
Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.