ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ БАТАЛЛАА
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.01.22/-ийн хуралдаанаар ажлын хэсгийн удирдамж батлах тухай байнгын хорооны тогтоолын төсөл болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг хэлэлцэж баталлаа.
Мөн нэмэлтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, төслийн зардлын хяналтыг сайжруулах, үйлдвэр барьж ашиглалтад оруулах ажлын төлөвлөгөөг жил бүрээр батлах, тухайн жилд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн ажлын явц, зээлийн зарцуулалтад байнгын хяналт, үнэлгээ хийж, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах, ажлын биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд ажлын хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан