2010.10.18
Дарь эх, Дамбадаржаагийнхан усаар гачигдахгүй боллоо
Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр Дарь-Эх, Дамбадаржаагийн ус хангамжийн цогц системийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Ц.Түмэнцогт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ганбаяр, Ус сувгийн удирдах газрын тэргүүн дэд дарга бөгөөд ерөнхий инженер Б.Баатархуяг, Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн захирал Л.Бадамхорлоо тэргүүтэй төлөөлөгчид, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд, УСУГ-ын болон төслийн ажилтан ажилчид оролцлоо.
Дарь-Эх, Дамбадаржаагийн ус хангамжийн систем нь Баянзүрхийн 2, 21, Сүхбаатар дүүргийн 13-17, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа 100 000 гаруй иргэдийг чанар стандартад нийцсэн ундны усаар хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл ахуйн орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой барилга байгууламж юм. Энэхүү ус хангамжийн систем нь 22.4 км урт цэвэр усны шугам хоолой, 300 м3 /цагийн хүчин чадалтай 3 насос бүхий станцын барилга, 31 ус түгээх байраас бүрдэх бөгөөд хотын ус хангамжийн сүлжээтэй холбогдож байгаагаараа онцлогтой. Эдгээр тоног төхөөрөмжийг Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн алсын удирдлагын системд холбож өгснөөр ашиглагч байгууллагын цахилгааны болон хүн хүчний зардлыг бууруулах, усны алдагдал гэмтлийг богино хугацаанд олж илрүүлэх, ус хангамжийн горимыг хэвийн байлгах зэрэг олон талын ач холбогдолтой болж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.