2010.10.18
Ерөнхийлөгч тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өглөө.
Зарлигт “Манай эриний өмнөх 209 онд Модун шаньюй Төв Азид нутаглах нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэснээр нүүдэлчдийн анхны төр улс болох хүчирхэг Хүннү гүрэнг байгуулсан билээ.
Гурван зуу гаруй жил оршин тогтносон тус улс нүүдэлчдийн дунд төрт ёсны их уламжлалыг бий болгосон. Хүннүчүүд улс гүрнээ гурван гарт хуваан, бүгд хорин дөрвөн түмтийн ноён тохоон томилсон бөгөөд аравтын тогтолцоонд үндэслэн цэрэг - засаг захиргааны байгуулал хэрэгжүүлсэн байна. Энэ нь Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үндэс болсон юм.
Монголчуудын өвөг дээдэс бол Хүннү нар болой, бид их Модун хааны түүх, уламжлалыг авч яваа хэмээн Эзэн богд Чингис хаан захиж үлдээсэн байдаг” гэж тэмдэглэжээ.
Хүн ардынхаа үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх, бидний өвөг дээдэс болох хүннүчүүдийн болон Монголын тулгар төрийн буурал түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх, “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв” цогцолборыг үе шаттайгаар барьж байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, судалгаа шинжилгээний экспедиц зохион байгуулах, шинжлэх ухаан, урлаг, уран сайхны олон төрлийн бүтээл туурвихыг чиглэл болгосон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.