С.Эрдэнэболд: Утааны аюул гамшгийн зэрэгт хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрье
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд
2025.02.05

С.Эрдэнэболд: Утааны аюул гамшгийн зэрэгт хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрье

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол /2025-02-04/-ний өдөр болж өндөрлөв.

Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэв.

Тус сонсголд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, М.Ганхүлэг, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, П.Батчимэг, Б.Найдалаа, С.Замира, Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан нар болон төрийн байгууллагаас 29, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 60, долоон шинжээч, нийт 96 хүн оролцов.

Сонсголын үеэр С.Эрдэнэболд гишүүн, утааны аюулыг бууруулах, улмаар үгүй болгохын тулд Монгол Улс энэ тал дээрх стратегийг тодорхой болгох хэрэгтэй. Үүний тулд Үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх, улмаар судалгаатай, шийдэмгий алхмууд хийх хэрэгтэй гэв. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Утааны аюулыг бууруулахын тулд Монгол Улс энэ тал дээрх стратегийг тодорхой болгох хэрэгтэй

Нэгдүгээрт, асуудлыг шийдэхийн тулд бид олон талаас нь олон баримт нотолгоог ярьж байгаа. 2010 онд Монголчууд 1994 оноос хойш 2 дахь удаагаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг зүйлийг баталсан. Энэхүү үзэл баримтлал 2020 он хүртэл тодорхой хугацаатай зорилтуудыг тавьсан. Жишээлбэл, шатахуунаа дотоодоосоо хангадаг болно, эрчим хүчний хараат бус бие даасан байдлаа 100% хангана гэх мэт. 2025 он гараад буюу нөгөө хугацаа нь 5 жил өнгөрчхөөд байхад бид бахь байдгаараа. 2025 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дахь бичиг баримт буюу 3 дахь үеийн бичиг баримт гарахаар төлөвлөгдөж байна. Үүнийг яагаад ярьж байна гэвэл аудитын газар Монгол Улсын төсвийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэх дээр дүгнэлт гаргах ёстой. Аудит гаргаж чадахгүй байгаа. Учир нь хэмжих нэгж буюу шалгуур үзүүлэлт тодорхойгүй. Тэрийг нь аюулгүйн зөвлөл баталдаг. Аюулгүйн зөвлөл батлаад өгчихвөл бид төсөв дээрээ эрүүл мэнд, утаа гэх мэт асуудлыг улирлын салбарын чанартай асуудал гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зэрэглэлийн түвшинд авч үзэх боломжтой болно. Угаартаж амь насаа алдсан иргэдийн эхний асуудлууд дээр тагнуулын газар дүн шинжилгээ, шалгалт хийсэн гэж сая хэлсэн. Монголын тагнуул эдгээр амь хохирогчдын тоог нягталж үзэх ёстой. Бараг үзсэн байх гэж найдаж байна. Энэ мэдээллийг нээлттэй мэдээлэх боломжгүй байж болно. Тиймээс яаралтай Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд 3 аюулгүйн зөвлөлийг бүрдүүлдгийн хувьд ойрын хугацаанд Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, шалгуур үзүүлэлтээ тодорхой болгох ёстой. Салбар бүрийн зовлонг ярихаар мөнгө дээр очоод гацдаг. Сая төсвийн хоригийн дараагаар хөрөнгө оруулалтыг 20%-аар хасангуут эмнэлгийн төсөв хасагдсан байгаа. Тиймээс хасаж болохгүй, монгол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор аюул занал учруулж байгаа ангиллын гаргаж, үе шаттай төсөв гаргаж өгөх ёстой!

Сонсгол дуусангуут асуудлыг ярихаа дуусгахгүй! Цаашдаа Байнгын бүтэц байгуулаад явах нь туйлаас чухал 

Хоёрдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 1, 2 33 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дээр хяналт шалгалтыг яаж явуулах вэ гэсэн тодорхой зохицуулалтууд байгаа. Тийм учраас нэг бол түр хороо байгуулна. Өнөөдөр ямар ч байсан гишүүд гарын үсэг зурах юм байна. Эсвэл Б.Бат-Эрдэнэ гишүүний санал болгосны дагуу Б.Бейсен гишүүний ахалж байгаа байнгын хороон дээр яг энэ асуудлаар дэд хороо байгуулах ёстой. Ингэж гэмээ нь зөвхөн улирлын хүйтний чанартай сенсац сэдэв биш жилийн 4 улиралд тогтвортой судалгаа хийдэг, судалгааных нь мөнгө төгрөг хангалттай байдаг, тэрний зарцуулалт нь ил тод байдаг, мөнгө мөртэй учраас хаанаас, хэн, яаж захиран зарцуулж байгаа. Мөн хариуцлага нь хаанаа хэн хүлээх вэ гэдэг нь тодорхой болох ёстой. Сонсголыг ач холбогдолтой боллоо гэж үзэж байгаа. Учир нь бодит байдлыг л харж байна гэсэн үг. Цаашдаа сонсголын дараа ЗГ-т чиглэл өгсөн УИХ-ын тогтоол болон түр эсвэл дэд хороо байгуулах шийдвэр гараад явах ёстой. Орон нутагт байгаа иргэд зурагтаар үзэж байгаа. Илүү олон санаа байвал Б.Бейсен гишүүнээр ахлуулсан байнгын хороо руу захиа бичих, өргөдөл хүсэлт гаргах бүрэн боломжтой. Сонсгол дуусангуут асуудлыг ярихаа дуусгана гэж байхгүй. 3 сар гараад сар шинэ болоод баяр наадам болно. Хүмүүс сэтгэл зүй тавирна, дулаан болно, өдөр уртасна. Ингээд утааны асуудал мартагдана. Тийм учраас байнгын бүтэц байгуулж явах нь бол туйлаас чухал байна. Ийм учраас УИХ-ын хүний эрхийн дэд хороог ахалж байгаагийн хувьд мөн ХЗБХ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд УАБЗ-д энэ талаар мэдээлэл өгөх ёстой!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан