Д.Дэмбэрэл: Монгол Улсад парламентын засаглал төлөвшиж, мэргэшсэн парламентчдын нэгэн үеийнхэн төрөн гарчээ
2010.10.20

Д.Дэмбэрэл: Монгол Улсад парламентын засаглал төлөвшиж, мэргэшсэн парламентчдын нэгэн үеийнхэн төрөн гарчээ

Хүндэтгэлийн чуулганы нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлэлийн хэслэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ, Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагdemberel_huralтай, ноёд оо,

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан парламентат ёсыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж хувь нэмрээ оруулсан Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, нийт сонгогчид, ард иргэддээ баярын мэндчилгээг дэвшүүлье.

Өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан Монголын ард түмний төрийн эрх барих гэсэн хүсэл эрмэлзэл одоогоос 20 жилийн тэртээ шинэ байдлаар хэрэгжих болсон билээ. 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулжээ. Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эндээс эхэлсэн юм.

Энэ бол Монголын улс төрийн хуучин тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцоонд шилжих эхлэл байв. Байнгын ажиллагаатай парламент байгуулах энэхүү түүхэн үйл явц өөрөө аяндаа урсгалаараа бий болоогүй ээ. Энэ нь өнгөрсөн зууны наяад оны сүүл үеэс Монголын нийгэмд өрнөж эхэлсэн өөрчлөлтийн үзэл санааны биелэлт байв. Энэ нь бас нийгмээ шинэчлэе гэсэн иргэдийн ухамсар, сэтгэл зүтгэл, улс төрийн нам, хүчний үнэнхүү чармайлт, тэмцлийн үр дүн юм.

Нийгмийн түүхэн эргэлтийн онцгой энэ үед төрийн эрх барьж байсан МАХН нийгэмд өөрийн удирдан чиглүүлэх үүргийн тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн заалтаас татгалзсан билээ. Төрийн эрхийг дангаар барихаас татгалзан, намаас төрийн үүргийг тусгаарлан салгах замаар өөрийгөө эрс шинэчлэх зоримог алхам хийснээрээ ардчилсан үйл явцын өрнөлтөд МАХН улс төрийн нэн таатай, урьдач нөхцөлийг бүрдүүлсэн.

Шинээр үүсч бий болсон улс төрийн нам, хөдөлгөөн нийгмийн өөрчлөлтийн энэ үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн.

Энэ үеийн төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурлын чуулган хуралдаж хэд хэдэн хууль гаргасны дотор БНМАУ-ын Үндсэн хуулийн оршилоос нам нь төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн гэсэн заалтыг хасаж, иргэд чөлөөт байдлаар улс төрийн намд эвлэлдэн нэгдэх шийдвэр гаргаснаар үйл явцыг цаашид хуулийн хүрээнд явуулах боломжийг олгосон байна.

Мөн Ардын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлтийн тухай болон намуудын хуулиудыг батлан гаргасан. Нийгмийн өөрчлөлтөд саад учруулж болохуйц хуучин хууль, тогтоол, дүрэм, журмыг ч хүчингүй гэж үзжээ. БНМАУ-ын Ардын Хурлын депутатуудын сонгуулийн хуулийг шинэчилж сонгуулийг дахин явуулах боллоо.

Энэ хуулиар Ардын Их Хуралд иргэдийн өргөн төлөөллийг хангахаар сум, орон нутгийн хот бүрээс нэг, аймгийн төв, улсын харъяалалтай хотын 10 мянган хүн тутмаас нэг депутат сонгохоор тогтсон байна. Нэр дэвшүүлэхдээ дээрээс нэр өгч тулган шаардахыг зогсоож, нутаг дэвсгэрийн, үйлдвэрийн хамт олон болон олон нийтийн байгууллагад нэр дэвшүүлэх эрх олгосон.

Монголд анх удаа ардчилсан сонгууль явуулах эрх зүйн үндэс ийнхүү тавигдсан. Үүний үр дүнд 1990 оны долдугаар сарын сонгуулиар олон намын оролцоо бүхий олон ургалч үзлийг уралдуулсан, 430 депутатын бүрэлдэхүүнтэй төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурал, намуудын төлөөлөл нь хувь тэнцүүлэх зарчмаар бүрэлдсэн Улсын Бага Хурал гэсэн 2 танхимтай парламент Монголд буй болж шинэ ардчилсан өөрчлөлтүүдийг хийх боломж бүрдсэн.

Энэ бүхэн Монголын ард түмэн төр улсаа төвхнүүлэхдээ үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэдэг, нийгмийн тогтвортой байдлыг хангадаг, зөвхөн хуулиа дээдлэн, эрх зүйн хүрээнд төрийн тогтолцоог өөрчлөн зохион байгуулж чаддагийн яруу тод нотолгоо болсон юм.

Улсын Бага Хурал үлэмж чармайлт гарган ажилласан. Нийгмийн ардчилсан зорилтыг баталгаажуулах шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулан, ард нийтийн санал авч Ардын Их Хуралд оруулан хэлэлцүүлэх хариуцлагатай үүрэг ноогдуулсныг нэр төртэй биелүүлсэн. Улсын Бага Хурал сонгуулийн тогтолцоог шинэчлэн, ардчилал, зах зээлийн шилжилтийн эхэн үеийн эдийн засаг, нийгмийн суурь хуулиудыг батлан эрх зүйн шинэтгэлийг эхлүүлсэн гавъяатай билээ.

Олонх, цөөнхийн аль алинд парламентат ёсны туршлага илэрхий дутагдаж байсан ч үндэсний эрх ашгийг эрхэмлэн маргаантай асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэх боломжтойг энэ үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын туршлага харуулсан.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдсон дараа дараагийн Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшилд өөр өөрийн онцлог, өнгө төрхтэй байж, хууль тогтоох үйл ажиллагааг явуулж ирлээ.

Парламентат ёсны хөгжлийн өнгөрсөн хорин жил бол Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг бодитой хангасан, олон намын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын ардчилсан зарчмыг хэрэгжүүлсэн, зах зээлийн эдийн засгийн эрх зүйн орчинг дэс дараатай бүрдүүлсэн, эх орноо ардчиллын замаар эргэлтгүй хөгжүүлсэн үйлсийн мартагдашгүй түүх юм. Энэхүү 20 жилийн хөгжлийн бодит үр дүнг хураангуйлан дүгнэвэл:

Нэгд, парламентын бүгд найрамдах засаглал төлөвшин хөгжиж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын олон талт харилцааг цогц хамарсан эрх зүйн шинэтгэл дэс дараатай хэрэгжсэн байна. Үүний үр дүнд олон намын оролцоо бүхий ардчилсан чөлөөт сонгуулиар төр засгаа эмхлэн байгуулдаг, хүний эрх, эрх чөлөө хуулиар баталгаажуулан хангагддаг, Үндсэн хуулийн дээд хяналт хэрэгждэг, гагцхүү хуульд захирагдан хараат бус шүүх ажилладаг, иргэдийн оролцоо, иргэний нийгэм, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг дэмжин хөгжүүлдэг тогтолцоо Монгол Улсад бүрэлдэн төлөвшиж байна.

Хоёрт, өмчийн олон хэлбэрт тулгуурласан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний олон шинэ салбарууд үүсч бэхжин, банк, санхүүгийн орчин үеийн үйлчилгээ нийгмийн амьдралд нэвтэрч, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий зах зээлийн эдийн засгийн харилцаа хөгжих боллоо.

Гуравт, эдийн засаг цар хүрээгээ тэлж, үндэсний орлого хурдацтай нэмэгдэж байна. Эдийн засгийн боломж, чадавх сайжрахын хэрээр нийгмийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бололцоо өргөжлөө. Хүн төвтэй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх боллоо. Соёл, оюун санааны амьдралын бүтээлч хөгжлийн боломж аажим нэмэгдсээр байна.

Дөрөвт, Орчин үеийн даяаршлын нөхцөлд Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж идэвхтэй ажилласны үр дүнд Монгол орон олон улсын харилцаанд баттай байр суурь эзлэн, нэр хүнд нь дээшлэв.
Удаа дараагийн парламентын бодлого, үйл ажиллагаа улс орны хөгжлийг шинэ босгон дээр авч ирээд байна.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монголд хүчтэй нөлөөлж, дотооддоо улс төрийн шинэ нөхцөл байдал бий болсныг улс төрийн намууд тал бүрээс нь нухацтай ярилцсаны үндсэн дээр хамтарсан Засгийн газар байгуулан ажиллах улс төрийн шийдэлд хүрсэн нь өнөөгийн парламентын үйл ажиллагаанд онцлог байдлыг буй болгосон. Эдийн засаг, нийгмийн томоохон төсөл, зорилтыг шийдвэрлэн, эх орны нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх нь Монголын төрийн үүрэг юм. Мөн авлига, хээл хахууль, өнгө мөнгө, сонирхлын зөрчилд бүдгэрэн үнэгүйдэж байгаа шударга ёсыг сэргээх, хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлэхэд ихээхэн анхаарал тавих шаардлагатай байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бидний үндсэн үүрэг бол төрийн бодлогыг тодорхойлж, хууль тогтоох явдал билээ. Хөгжлийн өнөөгийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хууль тогтоомжийг шинэчлэх, нийгмийн шинэ үзэгдлүүдийг эрх зүйн хувьд цаг алдалгүй зохицуулах нь Улсын Их Хурлын цаашдын зорилт байх болно.

Сонгогчдын санал, эрх ашгийн үүднээс үзсэн ч, парламентат ёсны цаашдын төлөвшлийг хангах талаасаа ч сонгуулийн хуулийг шинэчлэх нь өнөөгийн амин чухал хэрэгцээ юм. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь иргэний төлөөллийн зарчмыг хангасан, сонгуулийн дүнд сонгогчдын санал бүрэн тусгалаа олсон, эдийн засагт хохиролтой, хөгжил дэвшилд саадтай сонгуулийн хоосон амлалтыг таслан зогсоож сонгуулийг шударгаар явуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой.

Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ойрын үед хэлэлцэнэ. Энэ хууль батлагдсанаар иргэд, олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн асуудлаар тавьж буй саналыг авч хэлэлцэх нөхцөл бүрдэх болно.

Хорин жилийн хөгжил, дэвшил Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулахын зайлшгүйг харуулсан олон асуудлыг нийгмийн өмнө гарган тавьж байгааг та бүхэн анзаарч байгаа байхаа. Хүний эрх, эрх чөлөөг улам баталгаатай болгох, төр, шүүх засаглалын үүрэг хариуцлага өнөөгийнхөөс өндөр байх, төвлөрлийг сааруулах зүй ёсны шаардлага тавигдаж байна. Ард түмэнтэйгээ сайтар ярилцан, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хадгалан түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хорин жилийн замналаа эргэн харахад өөдрөг, сайн сайхан зүйл их байгаагийн цаана иргэдийн нилээд хэсгийн амьдрал дорой, ажилгүйдэл буурсангүй. Бид ард түмнийхээ аж байдлыг сайжруулах үндсэн зорилгодоо хараахан хүрч чадаагүй л байна. Эдийн засгийн дорой байдлаасаа шалтгаалан иргэд эрхээ бүрэн эдэлж чадахгүй, тэдний эрх ашиг зарим талаар зөрчигдөж байна. 

Шударга ёсны зарчим хэрэгжихгүй, зарим тохиолдолд гажуудалд орох боллоо. Мөнгө, орлогын хойноос улайрсан үйлдлүүд байгаль, газар, ой мод, уул усыг үл хайрлан сүйтгэж, улс орон экологийн тэнцвэргүй байдалд орж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаад бид дүгнэлт хийх ёстой.

Нийгэмд хуримтлагдсан зайлшгүй шийдвэрлэх асуудлуудын нэлээд нь бодлогын хүрээнд авч үзэж, шийдвэрлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар сүүлийн 20 жилийн явцад Монгол Улсад парламентын засаглал төлөвшиж, мэргэшсэн парламентчдын нэгэн үеийнхэн төрөн гарчээ. Энэ бол Монгол төрийн үнэт зүйл мөн. Хэдий тийм боловч Төрийн үйл ажиллагаанд иргэд зүй ёсоор шүүмжлэлтэй хандаж байна.

Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалтын зарчим амьдрал дээр зохих ёсоор хэрэгжихгүй байна. Эрх мэдэл хоорондоо давхцах, эзэнгүйдэх, хяналт шалгалт, шаардлага суларч, хариуцлага хүлээх эзэнгүй болж байна. Иймд эрх мэдэл хуваарилах зарчмыг зүй ёсоор, оновчтой хэрэгжүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа, харилцан уялдааг хангаж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд орох Улсын Их Хурлын гишүүдийн тоог хязгаарлах нь парламентын хяналтын үр өгөөжийг дээшлүүлэхэд нэн ач холбогдолтой.

Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж Үндсэн хуульд заасан. Улс төрийн намууд Үндсэн хуулийн энэхүү заалтыг үл хүндэтгэн парламентын гадна боловсрогдсон бодлогыг намаасаа нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд тулган шаардах, шахалт үзүүлэх замаар хүлээлгэдэг буруу аргаас татгалзаж харин  парламентын бүтцийн байгууллага болох намын бүлгүүд дээрээ нухцтай ярилцан зөвшилцөж бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж байх нь зохистой юм. 

Хатагтай, ноёд оо,
Монголын парламентын идэвхтэй үйл ажиллагаа, хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс ардчиллын замаар эргэлт буцалтгүйгээр хөгжиж буй дэлхийн улс орнуудын эгнээнд багтаад байна.

Улсын Их Хурал дэлхийн болон бүс нутгийн парламентын байгууллагууд, гадаад орнуудын парламенттай хамтын ажиллагаагаа өргөтгөх чиглэлд бодит алхам хийж ирсэн. НҮБ, түүний болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн дэмжлэг туслалцаа, үр ашигтай хамтын ажиллагааг улс орныхоо аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд үр бүтээлтэй ашиглах бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол улсыг ардчилсан хөгжил дэвшилд хүргэхэд гүн туслалцаа үзүүлж ирсэн улс орон, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.


Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан төрийн үйл хэргийн төлөө зүтгэж, хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дахин талархал илэрхийлж, баяр хүргэе.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдье.

2010.10.20
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.