2010.10.21

Д.Лүндээжанцан:”Хэзээ ч бүү шантар” номын нээлт болов

Данзангийн Лүндээжанцанг Үндсэн хуулийн эх баригчийн нэг  хэмээдэг. Тэрээр ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг АИХ-ын хуралдаанаар хэлэлцэхэд түүний эх баригчаар ажилласан хувьтай төрийн түшээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монголын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд тасралтгүй 20 жил гишүүнээр сонгогдон ажилласан хүн.   Тиймээс ч мэргэшсэн парламентч төдийгүй УИХ-д удирдах албан тушаалд олонтаа томилогдон, хариуцлагатай алба хашиж яваа туршлагатай хуульч юм.

Түүнд  парламентын хамт олон нь итгэл хүлээлгэн 2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2007 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар сонгож ажиллуулсан билээ. Д.Лүндээжанцан  2008 онд УИХ-ын  гишүүнээр дахин сонгогдож, Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн ахлагчаар ажиллаж байна.

Хуульчдын хүндтэй багш тэрээр Монголын хууль, эрх зүйн салбарын нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор мөн гавьяат хуульч.

Д.Лүндээжанцан гишүүн  олон арван шүлэг найраг  тэрлэж, төрөлх нутаг орон, анд нөхөддөө сэтгэлийн мялаалга өргөсөн хүн.   Тэрээр эсээ өгүүлэл, дурсамж тэмдэглэлийн болон   хууль, эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны 20-иод номыг дангаараа болон хамтран туурвиж, 70 гаруй илтгэл, өгүүлэл бичиж  хэвлүүлж байв. Харин өдгөө  Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойн түүхт энэ өдөр  Д.Лүндээжанцан гишүүн “Хэзээ ч бүү шантар” хэмээх номоо уншигч, сонгогч олонд өргөн барьж байна. Энэхүү номноос   түүний амьдралын хувь зохиолоос гадна  Монголын төрийн нэн  шинэ түүхийн учир зангилаа, нийгмийн өөрчлөлт хувьслын мөн чанар, төрийн  хүний ёс жудаг төдийгүй эх нутгаа хайрлах сэтгэлийн нандин учгийг та амтлан унших болно. Номын цагаан мөр зохих болтуга
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.