Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2010.10.22

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ-ын гишүүд өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаараа гаргалаа. Үдээс хойшхи хуралдаанаар Нийгмийн бодchuulgan_vip76_mnлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд тус байнгын хорооны гишүүн Д.Одбаяраас асуулт асууж, хариултаа авсан.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба,  нийгмийн эрүүл мэндийн даатгалын онцлог юу вэ. Энэ бол бүх нийтийн эрүүл мэндийн даатгал гэж ойлгоод байгаа. Ийм тогтолцоонд АНУ шилжсэн. Байнгын хороогоор хэлэлцэх явцад нийгмийн эрүүл мэндийн даатгал гэсэн өөрчлөлтийг хийх боломжтой юу хэмээн лавласан.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр- Байнгын хорооны хурал дээр энэ талаар дэлгэрэнгүй яриагүй. Хуулийн нэрийг агуулгатай нь уялдуулах байх. Нийгмийн эрүүл мэндийн даатгал гэж ойлгогдох заалтууд бол бий. Ажлын хэсэг дээр энэ талаар ярих болов уу, гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Л.Гүндалай- Нийгмийн эрүүл мэндийн даатгал гэдэг санаа бол зөв. Хуулийг хараад байхад эрүүл мэндийн даатгалын санг харьяа яаманд нь өгөх тухай яриад байгаа. Тийм тохиолдолд Иргэний эрүүл мэндийн даатгал гэж нэрлэх нь зөв байх гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь- Эрүүл мэндийн даатгалыг нийгмийн даатгалын байгууллага хариуцаад явж байгаа. Хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, дарга, орон тоо гарч ирэх нь. Төрийн зардлыг нэмэгдүүлэхгүйгээр нийгмийн даатгалын газар нь хариуцаад явж болохгүй юу?

 

УИХ-ын гишүүн Д.Одбаяр- Энэ талаар байнгын хороон дээр ярилцсан. Төсөл санаачлагчид орон тоог нэмэгдүүлэхгүй байх аргыг эрэлхийлж байгаа юм билээ. Нийгмийн даатгалын болоод татварын байгууллагын тогтолцоог ашиглах талаар ч судалж байгаа юм байна. Шинэ байгууллага бий болгоно гэвэл 200 шахам хүнтэй алба бий болох юм байна. Аль аль талаас нь ажлын хэсэг, байнгын хороон дээр ярилцана.

 

Өнөөдөр улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалынх нь шимтгэлийг нь төлдөг хэсэг нийт даатгуулагчийн 10 хувийг эзэлж байгаа. Тийм атлаа даатгалын сангаас үзүүлдэг үйлчилгээний  60 хувийг тэр хүмүүс хүртдэг. Хуульд даатгалын шатлалыг тусгаж өгсөн байгаа. Бүх хүн заавал даатгалд хамрагдана. Мөн хүссэн бүлгийн иргэд нэмэлт даатгалд хамрагдаж болохоор төсөлд тусгасан байгаа.

 

УИХ-ын гишүүн Р.Раш- Иргэдийн эрүүл мэндээ хамгаалах боловсролыг дээшлүүлэх, өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг болгоход их ажил хийх хэрэгтэй байгаа. Даатгалын хуульд хэр туссан юм бол. Эрүүл мэндийн даатгал салбарын яам руугаа зүглэж байна. Ингэхээр улсын хэмжээний нэгдсэн даатгалын систем хэрхэх бол?

 

УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Хуулийн төслийн гол зорилго бол эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүргэдэг болгох. Даатгуулагчид манай байгууллагыг санхүүжүүлдэг хүмүүс шүү гэсэн хандлагаар иргэдэд хандаж сайн үйлчилгээ үзүүлдэг болгох талаар ярьж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бусад даатгалаасаа өвөрмөц тогтолцоо юм байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зах зээлийн зарчмаар явдаг харилцаа биш болохоор тустаа байх хэрэгтэй гэж үздэг юм байна.Энэ талаар тухайн цаг үед нь ярина. Эрүүл мэндийн даатгалын боловсролын талаар хуулийн төсөлд байхгүй юм байна лээ. Хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ гэж даатгалын байгууллагын чиг үүрэгт оруулсан байна. Эрүүл мэндээ өөрөө хамгаалах тулаар хуулийн төсөлд заалт оруулж болох байх гэлээ. Үүний дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ- Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарын асуудлаар ярих хэрэгтэй байгаа. Монгол Улсын иргэн бүр заавал даатгалд хамрагдах ёстой. Улсын хэмжээнд 400 мянган иргэн даатгалд хамрагдаагүй тухай ярьж байсан. Өнөөдөр төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг хүмүүс эмнэлэгт хэвтэх, хандах нь их байдаг. Ийм шударга бус байдлыг өөрчлөх шаардлага бий. Эрүүл мэндийн даатгалд жилд 80.7 тэрбум төгрөг  төвлөрдөг. Үүний 10 тэрбум төгрөгийг төрөөс, үлдэх хувийг ажил эрхлэгчид, ажил олгогчид төлдөг. Төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр үйлчилгээ авдаг болох тогтолцоо руу шилжих цаг болсон.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба- Би Нийгмийн эрүүл мэндийн даатгал гэж хуулийн нэрийг сольвол дэмжинэ. Энэ бол манайд хамгийн тохиромжтой хувилбар гэж хэлсэн. Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

 

Үүний дараа Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ЖЕКЕЙ танилцуулсан юм.

 

Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчлэн байгуулахаар хятадын талтай 2006 онд тохиролцжээ. Энэ дагуу Засгийн газраас үүрэг болгосныг үндэслэн Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төслийг хятадын талтай эцэслэн тохиролцож, энэ гэрээнд 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан байна.

 

Гэрээнд тогтмол хэрэглэсэн, тодорхойлох шаардлага бүхий нэр томъёонуудын тодорхойлолт байхгүй, хилийн шугамын чиг, явалт, хилийн тэмдэг, хилийн ойн огтолсон зурвасыг хамгаалах, хилийн усыг зүй зохистой ашиглах, хамгаалах талаарх зохицуулалт нь хангалтгүй байсан учир гэрээг шинэчлэх шаардлагатай болжээ. Мөн хоёр улсын, тэр дундаа хил орчмын нутаг дахь харилцаа өргөжин тэлснээр хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэмийн зохицуулалтыг улам тодорхой, боловсронгуй болгох, хил орчмын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, байгалийн баялаг эрж хайх, олборлох, хар тамхи, мансууруулах бодис зэрэг хууль бус барааг улсын хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг хилийн хэрэг, зөрчилд хамруулах шаардлагатай үүссэн ажээ.

 

Энэхүү хуулийг батлагдан, гэрээ хүчин төгөлдөр болсноор хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд хяналт тавих, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах аж. Түүнчлэн хил зөрчих, хил орчмын нутагт хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, хар тамхи, мансууруулах бодис, хориотой барааг худалдах, тээвэрлэх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх боломжтой болох юм байна.

 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй хэмээн Байнгын хорооны гишүүд үзсэн бөгөөд Байнгын хорооноос оруулж ирсэн горимыг саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжин хууль олонхийн саналаар батлагдлаа.

 

Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороод анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүд мөн Байнгын хорооны саналыг дэмжин тогтоолууд олонхийн саналаар батлагдлаа.

 

Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталж, Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Эдгээр асуудлын дараа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.