Н.Алтанхуяг: МАХН шоудахаа болих хэрэгтэй
2010.10.22

Н.Алтанхуяг: МАХН шоудахаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Тэргүүн ша­дар сайд, АН-ын дарга Н.Алтан­хуягтай ярилцлаа.altankhuyag_sahdar

-Та нэлээд олон хоногийн хуга­цаатай гадаад  яваад ирлээ. Ямар ажил амжуулав аа?

-Оюуны өмчийн байгуул­ла­гуу­дын сайд нарын уулзалт Женев хотод болсон юм. Үүнд Монгол Улсыг төлөөлөн оролцож үг хэллээ. Мөн  Английн Консерватив намын урилгаар  очиж  хуралд нь  оролц­сон. Энэ нам нь Чөлөөт ардчилагч намынхантайгаа эвсэн  засгийн эрхийг барьж байгаа. Үзэл  баримт­лалын чиглэл нь ч манай АН-тай ойролцоо гэж хэлж болно.   Ба­рууны чиглэлийн намуудыг эгнээн­дээ багтаа­сан Дэлхийн ардчилсан холбоо гэж байгууллага бий. Анг­лийн Консерватив нам, АН энэ байгууллагын  гишүүн нь юм. Тиймээс бид эртнээс  хамтын ажил­лагаатай явж ирсэн.

-Та хөлөө гэмтээгээд удаан хугацаагаар таягтай явсан. Одоо таягаа тулахаа больж, эдгэж ээ дээ?

-Хөл гайгүй ээ. Гэхдээ тийм ч сайн болоогүй л байна.

-Нийслэлийн Ардчилсан на­мын хурал болоод тамга тэмд­гээ шилжүүлэхгүй гэж нэг үзээд, дараа нь Ш.Түвдэндорж, С.Эр­дэнэ нар тэврэлдээд л, бас Э.Бат-Үүл гишүүн  хурцаар шүүмжилж байр сууриа хэвлэ­лээр илэрхийлэв. Намын даргын хувьд та ямар байр суурь барьж байв?

-Ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь хүмүүс янз бүрийн асуудлаар санал бодлоо илэр­хийлж болох байх л даа. Гэхдээ олон нийт рүү хандаад хэвлэлээр хэрэлдээд байгааг ойлгохгүй бай­гаа юм. Намын дотор болж байгаа асуудлаа нүүр нүүрээ хараад ярилцах ч юм уу эсвэл уулзалт дээр илэрхийлж болмоор санагддаг.

-АН-ын  дунд шатны бай­гуул­ла­гуудын дарга нь тухайн албан ажлаа  өмчлөөд өөрийн­хөө  компани шиг  болгоод байна гэж шүүмжлэх болж. Танд  ийм зүйл ажиглагддаг уу?

-2000 онд таван нам нэгдээд дүр­мээ баталсан. Арван жил болж байгаа энэ намын дүрмийн  зарим нэг зүйл нь  болохгүй байна уу гэж ажиглагдах болсон. Жишээл­бэл, манайхан намын­хаа даргын тухай ярих их дуртай, нээлттэй байдаг. Харин дүүрэг, аймагт нэг хүн гарчихаад 8,9  жил дарга хийх жишээтэй.  Энэ нь шинэ хүн орж болохгүй,  өөрчлөгдөхгүй, шинэч­лэл явахгүй байгаа юм шиг сэт­гэгдэл төрүүлээд байх шиг байна. Тиймээс аймаг, дүүргийн намын хо­рооны гишүүд санал гаргавал  дүрмийг өөрчлөх, шинэчлэх нь нээлттэй л дээ

-ҮЗХ-г ирэх сарын 19-нд хурал­дуу­лахаар тов зарлажээ. Энэ үеэр ямар асуудлыг хэлэл­цэх вэ?

-Ардчиллыг баталгаажуулах, ард түмний ахуй амьжиргааг дээш­лүүлэх талаар ямар алхам хийх вэ гэсэн сэдвийн дор хурлаа хийнэ. Хаанаас ийм  санаа гаргаад ирэв гэж та асуух байх л даа. Английн Консерватив намын хуралд орол­цоод будаа “идсэн” хэрэг. Тэд  хурлыг ийм сэдвийн дор явуулна гээд  зарлачихдаг юм байна. Тэр сэдвийнхээ хүрээнд л ярилцдаг юм билээ.

-ҮЗХ-ны ээлжит хурлаар АН Хамтарсан засагт байсаар байх уу, үгүй юу гэсэн асуудлыг ярил­цана гэсэн мэдээлэл гарч байна?

-Тэр асуудлыг ярилцана гэж албан ёсоор товлоогүй байгаа.

-АН-ын зарим гишүүд ийм сана­лыг гаргаад байгаа шүү дээ?

-АН  ардчилалтай нам учраас гишүүдийн зүгээс тийм санал гар­гаад заавал хэлэлцэнэ гэвэл болно, болох­гүй гэхгүй шүү дээ. Хэрвээ тийм асуудал хөндөгдвөл тал талаасаа ухаанаа уралдуу­лаад ярилцаад л олонхиороо шийднэ биз. Хамтарсан Засагт оръё гэсэн шийдвэрийг би ган­цаараа гаргаагүй, харин саналыг оруулахад  ҮЗХ-ны гишүүд  хэлэл­цэж дэмжсэн юм.

-МАХН-д хөөгдөхөөсөө өмнө больё гэж хэлээд сөрөг хүчний­хээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Тэгэх­гүй бол ирэх сонгуулиар дал мөрөөрөө цэвэр даруулж мэдэх нь гэж танай намын зарим  гишүүн шүүмжлэх болжээ?

-Нэг хэсэг гишүүдэд ийм бол­гоомжлол төрж байгаа нь буруу биш л дээ.

-Германы Социал демократ нам нь Христосын ардчилсан холбооны урилгыг хүлээн авч  хамтарч дөрвөн жил засаг бариад сонгууль болоход навс ялагдсан. Түүн шиг байдал  бо­лох вий гэж эмээж байгаа байх л даа?

-Манайхан үүнийг  жишээ бол­гоод ярьдаг л даа.  Гэхдээ энэ  нь хэр үндэстэй юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. АН-ын эрх ашиг нь юу юм, бүх зүйлийг сонгуулийн нүдээр хараад хэрэлддэг, зодолддог бай­дал руугаа орох уу эсвэл ард иргэдийн ахуй амьжиргаанд хэрэг­тэй, ард­чил­лыг баталгаажуулах чиг­лэлээр хоёр, гурван зүйл хийх үү гэдэг сон­голтоо ярих хэрэгтэй. Энэ сэдэв нь хаалттай, эсвэл айж цочоод, хүнд хэлэхгүй нуугаад шивнэлдэж яриад байхаар зүйл биш. АН-ын  гол зорилгыг товчилж хэлбэл  эрх чөлөөтэй, чи­нээлэг Монгол  иргэ­нийг бий болгохын төлөө  зорьдог юм. Энэ зорилго, чиглэлийг хэрэг­жүүлэхэд  засагт хамтарсан хэвээр байх нь дээр үү  эсвэл сөрөг хүчин болоод шүүмжлэх  нь илүү юу гэдгээ  бодох л ёстой.

-2004 онд МАХН хамтарч  эвс­лийн Засгийн газар байгуулсан. Гэтэл хэрэг нь  гарахаар АН-ынхан хөөгдөөд гараа биз дээ. Тийм түүх давтагдвал яах вэ?

-МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулаад хөөгдөөд гарсан нь үнэн. Одоо хөөчихөж магадгүй гээд түрүү­лээд гарах нь сайн зүйл биш. Өнгөрсөн хоёр жилд хийж бүтээсэн шиг ээ дахиад ард түмний эрх ашигт нийцсэн, олон хүнийг ажилтай болгосон, өнөөдөр биш юм аа гэхэд Монгол Улсыг хоёр, гурван жилийн дараа үсрэнгүй  хөгжих суурийг тавьсан алхмаа баталгаажуулах  зүйл  хийж  чадна гэвэл хамтраад ажиллах л хэрэгтэй. Хэрэв хийж чадахгүй гэвэл хамаа алга.

-Парламентад сөрөг хүчингүй болж хяналтгүй болж байна. Хам­тарч засаг байгуулсан нэ­рээр  тохи­ролцоод л асуудлыг шийддэг бол­лоо. Танд ийм зүйл ажиглаг­дахгүй байна гэж үү?

-Завхан аймгийн Отгон суманд очоод уулзалт хийхэд манай на­мын нэг гишүүн босоод “Ал­тан­хуягаа хамтраад засаг бари­хаар хяналт, хариуцлага суларсан шүү” гэж хэлж байна лээ. Тиймэрхүү зүйл ажиглагдаж байгааг нуугаад яахав. АН 20 жил дандаа сөрөг хүчин байх нь надад таалагдахгүй байгаа. Сөрдөг тал нь манайд ногддог нь ямар учиртай юм. 2008 онд би намын даргад өрсөлдөхдөө “Долдугаар сарын 1-нд үймээн боллоо,  улс орны нөхцөл байдал хүндхэн байна, сөргөлдөөд цаа­шаа­гаа явбал талаар л нэг тарж бутарна, эсвэл дахин сонгууль явуулна гээд зодолдох юмуу  ер нь  эвлэж нийлээд явбал яасан бэ”гэж хэлж байсан. Тэгээд хамтарч засагт ороод ард түмнийхээ төлөө ажил­лая гэсэн юм. Надтай хамт намын даргад өрсөлд­сөн З.Энхболд ч гэсэн хамтрах нь зүйтэй гэсэн байр суурьтай  байсан юм шүү. Би хам­тар­сан нь буруу гэж бодохгүй байгаа. Ямар ч байсан  олон жил шийдэж чадахгүй байсан эдийн засгийн то­моохон асуудлуудыг шийдэж эхэлсэн.

-Чуулганы танхимд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, С.Бямбацогт ги­шүүн нар “Та нар  Засгаас гараад яваач. Хэн та нарыг хориод байгаа” гэсэн утгатай үг хэлэхэд та сууж л харагдсан санагдана. Тийм үг сон­соход  хүний гэрт ороод суучихсан юм шиг санагдаагүй юу?

-Тэгж санагдаагүй. Бид ямар Ц.Нямдоржийн, С.Бямбацогтын  гэрт ороод суусан биш.  Тал талд давхиж яваад нэг танхимд орж ирээд л сууж байна. Тийм эргүү юм ярих хэрэггүй шүү дээ.  Тэгээд ч тэр  хоёртой  гэрээ байгуулсан ч биш.  Хоёр нам хоорондоо ярилцаж ард түмний эрх  ашгийн төлөө хамтарч ажил­лаж байна.  Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэдэг дээ. Түүний оронд нүүрс, ураны ордыг эргэлтэд оруу­лах  гээд том бодлогын асуудалдаа ан­хаарлаа хандуулсан нь хамаагүй дээр. Тэдэнтэй хэрэлдэх нь цагийн гарз.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр саяхан өгсөн нэгэн ярилцлага­даа “МАХН, АН амьд бус орга­низм болж хамтарсан нэрээр албан тушаал, ашиг хонжоо най­маалцаж тохи­рол­цох бүтцийг бий болгожээ” гэсэн байна. Төрийн өндөр алба хашиж байсан энэ хүн алдаа, оноог олж хараад шүүмжилж байгаа юм биш үү?

-Ямар мундаг дүгнэлт вэ? Мон­гол Улсын нэг иргэн саналаа хэлээ л биз. Энэ иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга л байс­наа­раа та нарын анхаарлыг татаж байгаа байх. Ер нь ийм бодолтой хүн  гурав, дө­рөвхөн л байгаа юм шиг байна лээ.

-Удахгүй болох ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудал хөндөгдөж магадгүй юм шиг байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын дүрэмд заас­наар   даргын асуудлыг хэ­лэл­цэх ёсгүй л дээ. Гэхдээ сонир­холтой гэдэг юм уу, намын даргын суудал зүүдлэгдээд болохгүй бай­гаа  хүмүүс тэр асуудлыг ярина л биз. Манай намынхан эрүүл саруул шийдвэр гаргана. Санаа зо­волтгүй.

-Та өөртөө итгэлтэй байна аа даа?

-Би юуг буруу хийчихсэн юм. Манай намын хамт олон  нэг зүг рүү харж зүтгэсний хүчинд ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо. Энэ бид­ний 20 жилийн түүхэнд байгаагүй зүйл.

-Алтангадас, МоАХ, Кроун гээд АН-д олон фракц байдаг нь нууц биш. Энэ олон фракцуудын  эв аяыг олж намыг зангидахад хүнд байдаг уу?

-Надад зангидаад байх сонирхол байдаггүй. Фракц, бүлэглэл гэнэ үү хамаа алга. Харин нэг зорилгын төлөө явах ёстой. Би тэднээс “АН-ын зорилго чинь  юу билээ” гэж асуудаг. Манай нам нь ардчиллаа баталгаажуулах, чинээлэг монгол иргэнийг  бий болго­хын төлөө ажилладаг нам, үүнийг хэрэгжүү­лэхийн төлөө явцгаах ёстой шүү л гэдэг. Бодлогоо тодорхойлж ураг­шаа харж алхах нь чухал. Чи энэ  фракцынх, тэр тэгсэн гэж маргах үнэхээр жижиг асуудал. Харин сүү­лийн хоёр жилд манай намын­хан гол бодлогынхоо төлөө явж чадаж байгаа шүү. Үүнд баярлаж явдаг. Санал ний­лэх­гүй нь байх л асуудал.   Бид угаасаа ийм нийгмийг байгуулахын төлөө явц­гааж байгаа. Жижиг асуудлыг өсгөдөг шилээр хараад эсвэл аар саархан  алдааг том линзээр том­руулж харах зүйл гардаг л юм. Үүнд эмзэглэх шаардлагагүй. Гурван үгийн зэмлэл сонсохгүй гоншгоноод байх  юм бол яах гэж намын дарга болдог юм. Шүүмжлэлээс авахыг нь аваад засах зүйл байвал сайжруулаад гол зо­рилгоо хэрэг­жүүлэх ардчиллын энэ том хамт олныг авч явахын төлөө ажиллаж байна.

-АХХ гэсэн төрийн бус бай­гуул­лага байгуулагдсан. Гэтэл үүнийг нам доторх  нам гэж дүгнэгсэд байна. Та намын дар­гын хувьд хэрхэн хүлээж авсан бэ. Явуулж байгаа үйл ажил­ла­гааг нь ажиглаж байгаа байлгүй?

-Би төрийн бус  байгууллага л гэж хүлээж авсан, тэд ч ингэж танил­цуулсан. Төрийн бус байгуул­лагынхаа хүрээнд ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. АХХ төрийн бус байгуулла­гынхаа ажлыг хаяад АН-ын дотор улс төрийн ажил хийвэл манай намын гишүүд тэртэй тэргүй дэмжихгүй. Үүнд би итгэл дүүрэн байна. Манай на­мынхан  олон жил тархай бутархай байдлын хор уршиг, хэрүүл уруул, уруудал, доройтлыг  туулаад өнгөр­сөн учир хүлээж авахгүй л дээ.

-МоАХ албан ёсны фракц гэдгээ зарлачих шиг боллоо доо?

-Яахав дээ. Байх л зүйл. 1989 оны хахир хүйтэн өвөл Монголын нийгмийг  цочоож гарч ирсэн  МоАХ-ны гавьяаг үргэлж санан дурсч байх учиртай. Тэр холбооны нэрээр хэдэн хүн хамтраад үйл ажиллагаа явуулахаа зарласан  нь цочиж балмагдах зүйл биш ээ. Янз бүрийн санаа оноогоо  хэлээд л, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь  АН-ын унаган төрх нь.

-Хэлмэгдэгсдийн талаарх хурал дээр та очоод долдугаар сарын 1-нд хүний амь үрэгдсэнд ард түмнээс уучлал эрж байна гэж хэлсэн. АН ямар гэм хийсэн гэж үзээд уучлал гуйсан юм бэ?

-Би долдугаар сарын 1-ний талаар уучлал гуйгаагүй. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэ­рийнхэнтэй уулзсан. Монго­лын  сор болсон 37 мянган хүнийг хэлмэгдүүлж хороосонд би харамс­даг. Дахиж нэг ч хүнийг хэлмэгдүүлэх ёсгүй гэж боддог. Энэ нь миний итгэл үнэмшил. Тийм учраас 1996 онд УИХ-ын гишүүн байхдаа хэлмэгдэгсдийн өдрийг бий болгоё гэж УИХ-ын тогтоол гар­гахыг санаачилсан юм. Тэр тог­тоо­лын төс­лийг би өөрийн гараараа бичиж Монголын төр ард иргэдээ­сээ уучлал хүсч байна гэдэг өгүүл­бэрийг нэмж оруулж байлаа. Тэр уулзалт дээр би энэ үгийг л   хэлсэн.

-Н.Алтанхуяг АН-ын нэрийн өмнөөс дахин уучлал гуйлаа гэсэн мэдээлэл  хэвлэлийн албанаас ирээд байсан даа?

-Манай нам яахаараа долду­гаар сарын 1-нээр уучлал гуйх ёстой юм. Харин долдугаар сарын 1-ний үйл явдал дахиад давтаг­дах, ийм хүчирхийлэл гарахгүй гэсэн миний бодолд  эргэлзээ төрөх боллоо. Гэхдээ  дахиад ийм үймээн давтагдахгүй ёсгүй л гэж хэлсэн.  Парла­ментын 20 жилийн ойгоор Н.Ал­тан­хуяг хэлмэгдэлтийн талаар уучлал гуйхыг хэрхэн 1996 онд санаачилж байсныг гар бичмэ­лээрээ харуулна. Миний хэлсэн ярьсан, гишгэсэн бүхнийг харлуу­лах сонирхол байдаг юм шиг бай­на. Би тэр болгонд хэрүүл хийгээд явдаггүй ээ.

-АН хамтрах болсноор тэр үед засгийн эрх  барьж байсан МАХН -аас таван хүний амийг яагаад хө­нөөснийг, хэн тушаал өгснийг нь илрүүлэхийг нэхэл хатуутай шаар­даж чадахгүй байгаа юм биш үү?

-Тэгж хэлдэг юм. Энэ нь харин ортой шүү.

-УИХ-ын гишүүн З.Энхболд “Консерватизм, либе­рализм гэдгээ мэдэхгүй даргатай хол явах­гүй”  гэж шүүмжилсэн байсан.  Уг нь  АН барууны чиглэлийн үзэл ба­римтлалтай хэвээрээ биз дээ?

-Би их сургуульд 10 жил баг­шилсан хүн. Либерализм, консер­ватизм гэдгийг ялгахтайгаа.  Ер нь ба­руун, зүүн гэдгийг их болгоомжтой ярих хэрэгтэй. Ямар нэгэн изм-ын тухайд  бол  бүр ч болгоомжтой хандах ёстой гэж боддог. Яагаад гэвэл манай улс 1921 оноос хойш 1990 он хүртэл марксизм, лени­низм гэж таваргасан. Изм-ээр их ноцолдох, ямар нэг үзэл баримт­лалыг тулган хүлээлгэх нь буруу. Уг нь би изм-ээр улайран маргах дургүй. АН барууны чиглэлийн л нам. Барууны чиглэлийн гэдэг дотор олон зүйл хамаарна шүү.

-МАХН 2012 оныхоо сонгуу­лийн бэлтгэлээ эхэлчихсэн бай­на. Та ажиглаж л байгаа байх?

-МАХН-ын явуулж байгаа үйл ажиллагаа сонгуульд чиглэгдэж байна гэж хүмүүст ойлгогдоод байх шиг байна. Би болохоор ирэх сард болох XXVI Их хуралдаа чиглэж байгаа байх л гэж бодож байна. Хамтарч засгаа барьж байгаа юм чинь өөлөөд яахав гэж боддог. Гэтэл шоу нь ихдээд байгааг хэлэх­гүй өнгөрч чадахгүй нь.

-Ирэх сонгуулийн “ринг” дээр энэ хоёр нам халз тулах нь гар­цаагүй. Та дотроо  бодолтой байгаа байлгүй дээ?

-Араа бодоод хумсаа нуугаад байгаа зүйл байхгүй ээ.

-Танай намын зарим гишүүд үүнд их санаа зовинож байгаа нь ажиглагддаг. Таны өрөөнд орж ирээд яагаад таг чиг байгаад байгаа юм  гэж шамдуулахгүй  байна гэж үү?

-Зарим гишүүн Н.Алтанхуягаа яагаад унтаад байгаа юм бэ, цаана чинь МАХН-ынхан шоудаад эхэллээ гэдэг. Би унтаагүй ээ, сэрүүн байна. Цөмөөрөө тойрч суугаад ярья л гэсэн. МАХН-ыг дагаж дуурайгаад гавьяат элсүүлээд давхих юм уу, тэр нь дэмий байх гэж хэлдэг. МАХН-ынхан энэ оволзсон зүйлээ, шоудахаа болих хэрэгтэй. Тэгэхгүй бол Засаг чинь ажлаа хийж чадахгүй болно биз дээ.

-Сонгуулийн тухай хуулиа, тог­тол­цоогоо  өөрчилнө гээд байгаа?

-Надад өөрийн  бодол бий л дээ. Гэхдээ үүнийгээ дэлгээд бай­мааргүй байна. Энэ Алтанхуяг намдаа ашигтай гэж үзэн  үүнийг л  зүтгүүлж байгаа юм байна гээд гуйвуулах байлгүй. УИХ-д манай намын олон чадварлаг, туршла­гатай гишүүд бий. Тэд ажлын хэсэгт ороод шийдчихнэ ээ.

-АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яриг­даж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс орны хөгжилд хэрэгтэй учраас МАХН-тай эдийн засгийн асуудлаар ойлголцоод ярилцаад яваад байж болно. Харин авлига­тай тэмцэх гээд бусад олон асууд­лаар санал нийлэхгүй зүйл байна. УИХ-ын Хууль зүйн байн­гын хороог ойлгохгүй байгаа юм. Илээр санал хураагаад шийддэг хуультай бай­хад юунаасаа айж хавчигнаад, нэр усаа нуугаад байгаа юм.  Алтанхуяг хамтарсан засагт байж юу яриад байгаа юм гэж өлгөж авч мэднэ. Энэ нь хамтарсан засагтай хамаа­тай биш авлигатай хамаатай уч­раас би буруу гэж шуудхан хэлнэ. Авлига гэдгийг устгахын төлөө аль нэг нам шахах л  ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.