Ардчилсан нам “Монгол улсын 2020 он хүртэлх хөгжлийн бодлого”-ыг боловсруулна
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан 2010 оны 10 сарын 21-ны Пүрэв гаригт хуралдлаа. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд хийж гүйцэтгэсэн болон хийхээр төлөвлөөд байгаа ажлуудын талаар мэдээлэл хийв.
2010 он Ардчилсан намын хувьд “Ардчилсан хувьсгалын 20 жил”-ийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил бөгөөд ойн хүрээнд энэ жилийг “Анхан шатаа сонсох жил” болгон зарласан.
“Анхан шатаа сонсох жил”-ийн хүрээнд Ардчилсан нам бүсийн чуулга уулзалтуудаа Архангай, Завхан, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулаад байна. Анхан шатныхаа гишүүдийн санаа бодлыг сонсч, туршлага солилцох, шилдэг намын хороог шалгаруулах, 21 аймгийн Ардчиллын түүхийг ном болгон хэвлүүлэх, сум бүрээс намын нэг гишүүнийг Удирдлагын академид “Төрийн удирдлагын менежер” бэлтгэх нэг жилийн дипломийн сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулаад байна.
Үүний зэрэгцээ “Ардчиллын өргөө - Ард түмний өргөө” цогцолборыг бүтээн босгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Ардчилсан намын түүхэн баримтат кино, Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн шилдэг дуу шалгаруулах уралдаан, “Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлаж, Ардчиллын түүхийн 20 ботийг эмхэтгэн хэвлүүлэхээр болсон. Мөн энэ сарын 29-нд “Ардчилал-20 түүх судлалын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Ардчилал-20” фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж буй ажилтай танилцсаны дараа гишүүд цаашид авч хэрэгжүүлэх бодлогын асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж санал солилцлоо. 2011 онд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд Ардчилсан нам идэвхийлэн оролцох, 2020 оныг хүртэлх хөгжлийн төлөөх цогц бодлогыг боловсруулах хэрэгтэй гэдэг саналыг гаргалаа. Улс орны хөгжил нь нэгэн сонгуулийн жилээр хэмжигдэх бус тогтвортой хэрэгжих бодлоготой байх ёстой гэдэг дээр санал нэгдэж, энэ саналыг үндэслэн Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөлөөс “Монгол улсын 2020 он хүртэлх хөгжлийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.