Зангиагүй уулзалтын мөн чанар нь зангиагаа тайлахдаа биш
2010.10.25

Зангиагүй уулзалтын мөн чанар нь зангиагаа тайлахдаа биш

Ерөнхий сайд С.Батболд өн­гөрөгч бямба гаригт сэт­гүүлчидтэй зангиагүй уулзлаа. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаад нэг жил болж буй түүний хувьд хамтарсан Засгийн газ­рыг байгуулж чам­гүй ажил амжуулснаа дуул­­гасан юм. Жилийн хуга­цаанд онpm_zangiaguiосон, алдсан юм их бий ч ололт, амжилт нь илүү гэдгийг дурьдсан. Тухайлбал, Оюутолгой, Таван­толгой хэмээн хоёр том ор­дыг хөдөлгөв. Үе үеийн пар­ламентаар хэлэлцдэг байсан ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй өнөөг хүрсэн билээ. Харин энэ удаад С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд байлгаж, иргэддээ хувьцаа тараахаар шийдвэрлээд буй.

 

Стратегийн томоохон ор­дуудаа эргэлтэд оруулсантай холбоотой иргэн бүрт “Хүний хөгжил сан”-гаас сар бүр 10 мянган төгрөг тарааж эхэлсэн. Нийгэмд сайн, муугаар хэлүүлж байвч тодорхой иргэний амь­жир­гааг дээш татаж буйг гүйцэт­гэх засаглалын тэргүүн онцлож байсан. Засгийн газрын тэргүүний амласан амлалт 2011 оны төсвийн төсөлд он гараад иргэн бүрт 21 мянган төгрөг сар бүр олгож эхлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн барь­жээ. Мөн 164 мянган оюутны сургалтын төлбөрт 82 тэрбум, эрүүл мэндийн даатгалд хам­раг­даагүй иргэдийн даатгалд 9.3 тэрбум гэхчлэн ирэх онд “Хүний хөгжил сан”-гаас 805.2 тэрбум төгрөгийн сан­хүү­жилт хийгдэхээр төсөв боловс­руулжээ.

 

Гэхдээ тэрбээр “Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой бус Монгол хүний толгой хөг­жүүлнэ” хэмээн энэ хичээлийн жилийн нээлт дээр тодотгосон. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын шинэчлэлийг эх­лүүл­сэн өнөө үед Монгол хүн бүрийг ажилтай болгоно, ерөнхий боловсролын сур­гуу­лийн сургалтад Кембрижийн стан­дартыг нэвтрүүлнэ, их дээд сургуулийн тоог цөөлж, мэр­гэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвийг нэмэг­дүүлэхээ амалсан. Амлалт өд­гөө ажил хэрэг болоод явж буйг ч дурьдсан.

Түүнчлэн түүний Засгийн газар “Монгол бол хүчирхэг тоглогч” хэмээх үгийг дэлхийд тараасан явдал. Хатавчнаасаа хэтэрдэггүй байсан Монголын зах зээл С.Батболдын үед томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлын төв болсон Хон­конгийн хөрөнгийн биржийн “шуугиант” танхимд зочилсон юм. Үнэндээ ч манай улсын газрын хэвлий дэх баялаг гадныхны нүдийг булааж, шуналыг хөдөлгөх болсон билээ. Тиймдээ өдгөө Монгол гэх нэр дэлхий дахинаа цуурайтаж буй.

Мөн хүнээ биш малаа тун ч гарамгай тоолдог монголчуудын энэ байдлыг өөрчилж иргэний шинэчилсэн бүртгэлийг орон даяар явуулав. Энэ нь бүрт­гэлийн төгөлдөршлийн бодитой алхам болж чадсан хэмээн гадна, дотныхон дуу алдан түүнийг магтах нь бий.

 

2010 оныг “Бизнесийн орч­ны шинэтгэлийн жил” болгон зарласан явдал нь мөн л түүний Засгийн газрын ач тус. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн оролцоог ту­хайн салбарын зохистой түв­шинд хүртэл бууруулах, эрх зүйн болон зохицуулалтын таа­тай нөхцөл бүрдүүлэх зорилгоор зарласан билээ.

Мөн хямралын үеийг даван туулсан манай оронд эдийн засгийн таатай орчин ч бүрэлдэж эхлэв. “Монгол Улсын гадаад валютын цэвэр  нөөц 2.1 дахин өсч 1412.9 сая ам.долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл, Монгол шилжилтийн үеэ туулж, эдийн засгийн хөгжлийн гараандаа ирлээ” хэмээн Олон улсын санхүүгийн байгууллагын дүгнэлт гарчээ. Түүнчлэн манай улс хөгжлийн банк байгуулах ажлаа хэдийн эхлээд байгаа билээ.

 

Энэ мэтчилэн С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар хийсэн ажилтай, хэлэх үгтэй тухайгаа дуулгалаа. Ерөнхий сайдын илтгэл цаг шахам тавигдсанаас болж ирсэн зочид жаахан чилээрхээд авсан. “Хийсэн гавьяа ихтэй хүн арга ч үгүй биз дээ” хэмээх хүн ч олны дунд байлаа Ямартай ч гүйцэтгэх засаглалын тэргүүн сүүлдээ яриагаа хураангуйлж, “Сунжирсан урт илтгэл тавьчихлаа, уучлаарай” гэв.

Үүний дараа асуулт хариулт өрнөв. Ёстой л сэтгүүлчид довтолж, сайд нар хамгаалсан ширүүхэн тулаан эхэлсэн юм. “Үе үеийн Ерөнхий сайд нар хийсэн ажил энэ гэж баахан л тоо баримт уншдаг. Гэвч ажилгүйдэл, ядуурал өнөө хэр буурсангүй. Харин ч жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Ийм байж хийсэн гавьяатай гээд суух нүүр бий гэж үү” гэхчлэн сэтгүүлчид асуусан юм.

 

Харин Ерөнхий сайд С.Бат­болд “Та нар битгий үргэлж мууг нь харж бай л даа. Хийж бүтээсэн, ололт амжилттай яваа олон ажлууд байна. Мэ­дээж шүүмжлэлийг хүлээж авал­гүй яах вэ. Гэхдээ үргэлж шүүмжлээд байх биш” гэв. Ядуурал, ажилгүйдэл амны уншлага бус харин бодит байдал байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн харж, мөн арга хэмжээ авч байгаа талаар дуулгасан юм.

 

Цаг үеийн асуудлаар сэт­гүүлчид салбарын сайдад асуулт тавьж, асуултаас бултахдаа гарамгай сайд нар ч уламжлалаа давтав. Тавантолгойгоос иргэн бүрт хэчнээн төгрөгийн хэдэн ширхэг хувьцаа өгөх талаар Ч.Хүрэлбаатар сайдаас асуусан ганц асуулт л 100 хувь биш ч 80 хувийн хариулт авч чадсан юм. Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар 15 тэрбум хувьцааны 10 хувь буюу 1.5 тэрбумыг иргэддээ тараах аж. Ингэхээр Монгол Улсын нэг иргэнд 500 ширхэг хувьцаа ногдоно. Чухам нэгж хувьцааг хэдээр үнэлэх нь одоогоор тогтоогүй байгаа аж. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагад хувьцааны 30 хувийг, үлдсэн 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах тухай дуулгасан юм. Харин Эрдэс баялаг, эр­чим хүчний сайд Д.Зоригт, Сан­гийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар сөрөг асуултыг эерэг үзүү­лэлтээ “нөхөж” зангиагүй гэх уулзалтын дор ширүүхэн мар­галдсан юм. Өмнийн говьд Засгийн газ­раа хуралдуулсан, 12 мянган км замыг машинаар туулсан анхны Ерөнхий сайдын зангиагүй уулзалт өрнөл хэсэгтээ багагүй шүүмжлэлтэй болсон юм.

 

Үүний дараа Засгийн газ­рын гишүүд буюу сайд нар авьяасаа үзүүлж, ирсэн зочдыг баяс­гаад авсан. Тухайлбал, Сан­гийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар чамгүй сайн дуул­чихдаг юм билээ. Харин Боловс­рол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тун ч гарамгай онигоо ярьдаг нэгэн аж. Ямартаа л Ерөнхий сайд С.Батболд “Зангиагүй уулзалт гэхээр нь зангиагаа л тайлаад ирдэг юм байх гэж бодсон чинь тэс өөр ойлголт байж. Сая л ойлголоо” гэсэн юм. Ёстой л ололт, амжилт, алдаа, дутагдлыг нь сануулсан шүүмжлэлт, нүд бүлтийлгэм ховор, нандин авьяасаар дүүрэн нэгэн өдөр болж өнгөрлөө.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: Нийгмийн толь

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.