Төрийн мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийг дэмжлээ
2010.10.26

Төрийн мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Оюутолгой төслийн ойрын ирээдүйн төлөв, түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажил хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн бусад салбарын өсөлтийг ч түргэсгэж байгаатай холбоотойгоор манай улсад гадаад валют их хэмжээгээр орж ирж байгаа юм. Түүнчлэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглахаар төлөвлөж байгаа нь уул уурхайн салбарт хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шууд өсгөнө. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд гаднаас их хэмжээний зээл авч байгаа нь эргээд эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг ихэсгэх болжээ. Үүний томоохон жишээ нь монгол төгрөгийн ханш чангарч тэр хэрээр гадаад валютын ханш буурч байгаа явдал гэнэ.

Энэ нь эргээд голланд өвчин үүсэх магадлалыг өндөрсгөж байгаа учраас ирэх оны мөнгөний бодлогыг сайтар төлөвлөж, гарах эрсдлүүдийг тооцоолж, түүнийг сайн зүйл болгон хувиргахын төлөө төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой гэж Монголбанкны удирдлагууд үзжээ. Одоогоор УИХ дахь хоёр намын бүлгээс тус бүр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, МАХН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийг Р.Буд тус бүр ахалжээ. Хэлэлцүүлгийн шатанд хэд хэдэн гишүүд Монголбанк бодлогын хүүгээ бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Харин төв банкны удирдлага хэлэхдээ “Монголбанк бодлогын хүүгээ бууруулахын тулд эхлээд инфляци тогтвортой болох ёстой. Инфляци тогтвортой байна гэдэг нь энэ оны төгсгөлд 15 хувь, ирэх оны эхэнд 20 хувь болж, өсөхийг хэлэхгүй. Бүтэн жилийн турш тогтвортойгоор хадгалагдаж, хамгийн бага байх ёстой. Засгийн газраас олгох бэлэн мөнгөний хэмжээг багасгах. Мөн төв банк бодлогын хүүгээ буулгах нөхцөлд арилжааны банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүгдийг зээл болгоод гаргадгаа болих, бас банкууд хадгаламжийн хүүгээ бууруулах, хууль эрх зүйн орчинг нь шинээр бий болгох гээд олон асуудлыг шийдвэрлэсэн цагт биеллээ олох асуудал” гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүдийн олонх нь дээрх бодлогын баримт бичгийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт оруулахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ. Түүнчлэн тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл"-ийн хоёрдугаар үе шатны Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Зээлийн хэлэлцээрт заасны дагуу money_mongoliajjjjjМонгол Улс Япон улсаас 58 сая ам.долларын зээл авах бөгөөд арилжааны банкаар дамжуулан иргэдэд олгоно.

Ингэснээр зээлийн жилийн хүү найман хувь байх бол эргэн төлөх хугацаа нь гурван жил байхаар тооцох юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг зээлийг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр ашиглахыг хүслээ. Ингэхдээ сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлье гэх зэргээр тодорхой нэр заахгүй бол манай улс гаднаас маш их хэмжээний зээл авдаг ч яг юунд зарцуулж, үр ашгийг нь гаргав гэхээр хэлэх үг байдаггүй тул чиглэл өгөхөөс аргагүй гэлээ. Харин албаны хүний тайлбараар бол угаас энэ зээлийн зорилго тодорхой, байгаль орчныг хамгаалах чиглэлд зарцуулах ёстой учраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих боломжгүй гэв. Мөн Сангийн сайд С.Баярцогт БНХАУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр тус улсаас авах 200 сая хөнгөлөлттэй зээлийг бүх суманд сүүний үйлдвэр байгуулахад зарцуулахаар хэлэлцээр хийсэн байгаа” гэлээ. Энэхүү зээлийн хэлэлцээрийг дэмжихдээ дараах нөхцөлтэй байхаар тусгасан бөгөөд зээлийн хүүг 4-6 хувь болгох, зээлийн эргэн төлөх хугацааг 5-10 жил болгож уртасгахыг зааж өглөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.