Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд анхаарах асуудлын талаар байнгын хороонд ханджээ
2010.10.28

Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд анхаарах асуудлын талаар байнгын хороонд ханджээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ж.Бямбадорж, p_ochirbatП.Очирбат нарыг цэцийн гишүүнээр дахин томилуулах саналыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Харин П.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилуулах саналтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд анхаарах асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хороонд албан бичиг ирүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаал эрхэлж байгаа Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан хаагчид тооцогдохоор заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд цэцийн гишүүнээр ажиллах насны дээд хязгаарыг хуулиар тусгайлан заагаагүй тул Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад хамаарч байна.

Гэтэл Пунсалмаагийн Очирбат нь 1942 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр төрсөн, одоо 68 настай тул Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд хууль зөрчиж байгааг анхаарахыг уг албан бичигт дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.