Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагт 15 цаг 30 минутанд эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Буд танилцуулсан. Уг санал дүгнэлтэнд дурдсанаар УИХ-ын гишүүн Р.Буд, Д.Балдан-Очир, Я.Батсуурь, Д.Зоригт, Р.Раш нар зээлийн хүүг бууруулах эдийн засгийн зохистой орчин бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан, хамтран хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд, тухайн жилд улсад тушаах алтны хэмжээг батлагдсан нөөц,уулын ажлын төлөвлөгөө, олборлоход үндэслэн тогтоож, биелэлтэнд нь хатуу хяналт тавьж, хилийн хяналт бүртгэлийг сайжруулж, татварыг бүрэн хураах ажлыг зохион байгуулах, дотоодод олгосон алтыг худалдан авч, мөнгөжүүлэх, дунд хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарч, өрсөлдөх чадвар буурч болзошгүй үр дагаврыг зөөлрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч үр дүнг танилцуулж ажиллах саналыг Засгийн газар, Монгол банкинд, хүнсний гол нэрийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах тогтолцоог бүрдүүлж, нийлүүлэлт доголдсоны улмаас үнийн хэлбэлзэл үүсэхээс сэргийлэх, үнэт цаасны зах зээлийг бодитойгоор хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын санг бий болгох, Засгийн газрын үнэт цаасыг дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах замаар хөрөнгө оруулалагчдыг үнэт цаасны үйл ажиллагаанд татан оролцуулах, улсын экспорт, импортийн түүхий эд, өргөн хэрэглээний барааны дийлэнх нь дамжин өнгөрдөг хилийн боомт, төмөр зам зэрэг дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг дэмжин ажиллахыг Засгийн газарт даалгах, Д.Балдан-Очир, Н.Батбаяр, Ц.Дашдорж, Р.Раш, А.Телейхан, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нарын гишүүд Монгол улсад 2009, 2010 онд тохиолдсон байгалийн гамшгаас малчдад үлэмж хохирол учирч, улмаар банкны зээлийн өр төлбөрөө барагдуулах боломжгүй болсон нөхцөл байдлыг судлан үзэж, оновчтой арга хэмжээ авах, УИХ-ын гишүүн Р.Буд, Д.Балдан-Очир,Я. Батсуурь, Зоригт, Раш нар энэ тогтоолыг хэрэгжилтийг зохион байгуулж, дүнг улирал тутам УИХ-д танилцуулж байх заалтыг тогтоолын төсөлд нэмэх, УИХ дахь АН-ын бүлэг тогтоолын төслийн хавсралтын 1-ийн 1 дэх заалтыг Монгол улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлж зохих өөрчлөлт оруулахаар гүйцээн боловсруулахаар нээлттэй үлдээх зэрэг саналуудыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ бодлогын хүүг бууруулахгүйгээр зээлийн хүү буурахгүй. Өнөөдөр арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн хөрөнгө нэг их наядаас давсан байгаа. Тэдний татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүү дунджаар 5-6 хувийн хүүтэй байна. Монгол банкны бодлогын хүү өнөөдөр 11 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл зах зээл рүү гаргах мөнгөө арилжааны банкууд Монгол банкны үнэт цаас аваад, тэндээс 5-6 хувийн ашиг аваад суугаад байна. Тийм байхад зээлийн хүү буурахгүй, зээл олгогдохгүй. Бодлогын хүүгээ бууруулж, зээлийн хүүгээ бууруулах ёстой. Ингэж эдийн засгийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн нийлүүүлэлтийг нэмэгдүүлнэ. Төсвийн бодлогоор Эх орны хишиг, цалин, тэтгэврийн нэмэгдэл зэргээр эрэлт, хэрэглээг дэмжсэн бодлого яваад байдаг. Нөгөө талаар нийлүүлэлтийг дэмжих бодлого байхгүйгээр тэртэй тэргүй инфляци өснө. Бодлогын хүүг бууруулснаар инфляци өснө гээд яриад байгаа. Өнгөрсөн 4 дүгээр сард инфляци оны эцэст 35 хувьд хүрч магадгүй гэж байсан ч Засгийн газар, Монгол банкнаас тодорхой арга хэмжээ авснаар инфляци 10 хувьтай байна. Ингэж бодлогын хүүг бууруулж, эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр зээлийн хүүг бууруулна. Үндэсний үйлдвэрлэгчид маш өндөр хүүтэй зээлээр өндөр өртөгтэй бараа бүтээгдхүүн үйлдвэрлэж, тэр нь инфляцид нөлөөлдөг. Гэтэл 1.5 тэрбум ам. доллар гаднаас ороод ирсэн гэж байгаа. Бага хүүтэй мөнгөөр Монголын эдийн засагт нөлөөлж байна. Дотоодын компаниуд сөхрөөд, гадныхан энэ боломжийг ашиглан, манай эдийн засаг, бизнесийн салбарыг эзлэх гэж байна. Бага хүүтэй мөнгөөр байгалийн баялаг, нөөцийг богино хугацаанд өндөр ашигтайгаар эзэмшээд, түргэн гараад явчих боломж бүрдсэн. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах аюул бидэнд нүүрлээд байна. Мөн Монгол банкнаас бонд гаргаад алтны компаниудыг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр алт тушаалт улам багасаад байна. Үүнд Засгийн газар, Монгол банк анхаарах цаг болжээ. Татвараас зайлсхийх сүлжээ үүссэн гэж яригдах боллоо. Алтны тушаалтыг нэмэгдүүлнэ гэж 2 жил ярьж байна, гэтэл амьдрал дээр хэрэгжихгүй байна гэлээ.
Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хариулахдаа С.Бямбацогт гишүүний асуулт нь буй болсон нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын нэг мөн. Зээлийн хүүг бууруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ гэж Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Мэдээж зээлийн хүүг бууруулахын тулд олон хүчин зүйл бий. Хадгаламжийн хүүг тодорхой хэмжээнд бууруулж байж зээлийн хүү буурна, бодлогын хүүг бууруулж таарна. Үүний цаана инфляци байгаа. Ийм учраас тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Төсвийн төслийг хэлэлцэх явцад нийт мөнгөний тодорхой нийлүүлэлтүүд, хэрэгжих төслүүдтэй уялдаад инфляцийн түвшин ирэх жил ямар байх талаар тооцоо нарийн гарч ирэх байх. Үүнтэй холбогдон инфляцийг бууруулах, бодлогын хүүг бууруулах чиглэлээр юу хийж болох талаар тодорхой яригдана. Анхны хэлэлцүүлгийн дараа хоёрдугаар хэлэлцүүлгээр тодотгож ярих байх гэлээ. Түүнчлэн Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ буурсан. Хил гаалиар нууцаар алт гаргадаг нь бодитой зүйл болоод байгаа. Дотооддоо олборлосон алтыг мөнгөжүүлэх, мэргэжлийн хяналтыг сайжруулах зэргийг тогтоолын төсөлд оруулах санал тусгаж байгаагаа Байнгын хорооны дарга нэмж хэлсэн.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүд санал нэгтэй дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны гишүүнээр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Баярыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсны дараа Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Н.Дуламсүрэн